НИЙГЭМ

Хэвшмэл ойлголтоосоо салах нь хүн бүрийн амьдралд ашигтай

Жендэрийн үндэсний хорооноос олон нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяныг 2020 оны 10 дугаар сарын 8-наас 2021 оны 1 дүгээр сарыг дуустал нийт дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна.  

Уг аяныг Азийн Хөгжлийн Банк болон Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр Жендэрийн үндэсний хорооны хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран аяны нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн Жендэрийн үндэсний хорооны бүхий л хүчин чармайлтыг сайшааж Азийн Хөгжлийн Банктай маш нягт хамтран ажиллаж байгаад баяртай буйгаа онцоллоо.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.3. “Жендэрийн хэвшмэл үзэл” гэдэг нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголтыг хэлнэ.

Өнгөрсөн 10 гаруй жилд Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил ихээхэн гарсан ч нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гэр бүл, гүйцэтгэж буй үүрэг хариуцлага, ур чадвар, зан байдлаар нь ялгасан, ялгаварлан гадуурхсан хэвшмэл ойлголт, хандлага нь мэргэжил сонголтод нь нөлөөлж, хөдөлмөрийн зах зээл, эдийн засаг, нийгэм улс төрийн оролцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг гааруулсаар байна.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дахь эмэгтэйчүүдийн оролцоо эрчимтэй буурсан, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал зэрэг нийгмийн хөгжил дэвшил болоод хувь хүний суурь эрхийг хангахад тулгарч буй жендэрийн асуудлууд нь олон нийтийн дундах жендэрийн буруу хэвшмэл ойлголтоос ихээхэн шалтгаалж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Иймд нийгэм даяар ЖЭТБ-ыг хангах үйл явц нь тогтвортой хөгжлийн зорилт, стратегийн онцгой ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсэг болохыг ойлгуулах, ЖЭТБ-ын эерэг үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг бүх шатанд дээшлүүлэх, хуулийн хэрэглээг сурталчлах хэрэгцээ нь “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяныг өрнүүлэх тэргүүн шалтгаан болжээ. 

Уг аян амжилттай хэрэгжсэнээр жендэрийн хэвшмэл ойлголт, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтад шүүмжлэлтэй хандах хандлага, соёл нэмэгдэж эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэм болон гэр бүлийн үүрэг хариуцлагын талаарх олон нийтийн хүлээлт уян хатан, тэгш, эерэг хандлага руу шилжих үр дүнтэй юм.

“Хүндлэлд хүйс хамаагүй”  аяны зорилго, ач холбогдлын талаар……  

“Хүний эрх хөгжил төв”-ийн Хөтөлбөрийн менежер Ш.Саранхөхөө “Хүний чадвар, байр суурь, боломжийг хүйсээр нь тодорхойлж, хязгаарлавал харамсалтай. Бидний өдөр тутмын амьдралд “Угаасаа ийм байсан” эсвэл уламжлал гэж хэлэгдэж буй зүйлс, хэлцүүдэд хүний боломжийг хүйсээс нь шалтгаалан хязгаарлаж, гүйцэтгэх үүргийг нь тодорхойлсон санаанууд тусгагдсан байдаг нь ажиглагддаг. Хэн хэзээ, ямар зорилгоор зохиосон нь тодорхойгүй тэдгээр хэвшмэл ойлголтууд өнөөдөр ч бидний амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд, яагаад гэж асуухаас эхлэн эдгээр хэвшмэл ойлголтуудыг өөрчлөх нь бидний амьдралд маш олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж итгэдэг

“Эрчүүд эрүүл гэр бүл төв” ТББ-ын Тэргүүн, Гэр бүлийн зөвлөх М.Цасчихэр

“Хүн бүрт адилхан мэдрэмж, сэтгэл хөдлөл, ярих хэрэгцээ байдаг. Мэдэрч байгаа учраас л хүн уйлдаг. Ямар ч харилцаанд харилцан ярилцаж байж ойлголцол бий болдог. Харин ойлголцолд хүрэхэд жендэрийн хэвшмэл ойлголт ихээр тээг болдог”

“Хүний эрх хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож

Хүндлэл хүмүүсийн хэвшсэн ойлголт, хандлагаар илрэх нь олонтаа. Хүйс хүнийг ялгаатай болгодог нэг гол хүчин зүйл. Хүндлэлийг хүйсээс үл хамааран ялгаваргүй үзүүлдэг болгож төлөвшүүлэх нь тулгамдсан асуудал болж байна.  Хүн бүр хүндлүүлэх эрхээ эдэлдэг мөн хүн бүрт хүндлэлтэй хандах үүргээ хэрэгжүүлдэг бол нийгэм төгс болох юм. Өөрөөр хэлбэл тэгш хандах, үл ялгаварлан гадуурхах хүний эрхийн үндсэн зарчим хэрэгжсэн төгс нийгэм болно. Нас, хүйс, гарал үүсэл, өмч хөрөнгө, нийгэмд эзлэх байр суурь зэрэг хүнийг ялгаатай болгодог олон хүчин зүйлээс үл хамааран хүнийг хүндлэх хандлагыг төлөвшүүлэх, түгээх нь элдэв хүчирхийлэлгүй, энх амгалан нийгэм байгуулахад ач холбогдолтой”

“Хөөрхөн Зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь

“Жендэрийн эрх тэгш байдлын талаар олон нийтэд мэдлэг ойлголт олгох нь хүйсээс үл хамааран хүн бүрт заяамал эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байдаг. Энэ нь далайд дусал нэмэртэй адил хүн бүрийн оролцоо чухал бөгөөд таны хийж буй үйлдэл, үг бүртээ хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байхаас эхэлнэ”

“Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төв” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Дуламхорлоо

“Бие хүн дээр нийгмээс оноож өгдөг дүр буюу жендэрийн хэвшмэл ойлголт бидний өдөр тутмын шийдвэр гаргалтад нөлөөлөхөөс гадна, ажил мэргэжил сонгох зэрэг урт хугацааны шийдвэрүүдийг ч тодорхойлж байна. Цаашлаад эрэгтэй, эмэгтэй хүмүүст тусгайлан зориулж хүн бүрийн тархиндаа бүтээсэн дүрүүдэд тохирохын тулд хүмүүс эрүүл мэндээрээ хүртэл хохирч байгааг судалгаанаас харж болно. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүний долоо хоногт ажиллах ёстой цагийг 40 цаг гэж тодорхойлсон байхад Монголд эмэгтэй хүн үүнээс гадна 33 цагийг ар гэрийн, цалин хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Энэ нь зүрх судасны өвчлөл үүсэх, архаг ядаргаанд орох суурь шалтгаан болдог. Эрчүүд ч мөн адил, “эр хүн уйлдаггүй” гэх зэрэг нийгмийн хэвшмэл ойлголтод тохирохын тулд сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх хүний үндсэн хэрэгцээгээ хүчээр дарж байгаа нь Монголын нийгэмд буй гэр бүлийн хүчирхийлэл, эрчүүдийн дундах амиа хорлолт зэрэг олон сөрөг үр дагаврын анхны бөгөөд суурь шалтгаан болж байна. Тиймээс бид хүнийг хүйсээс нь үл хамаарч, ердөө ХҮН болохынх нь хувьд нийгмээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юун түрүүнд бид бүгдэд хэвшмэл ойлголт байдаг гэдгийг танин мэдэж, хүлээн зөвшөөрч, өөрийн тархинд үүсгэсэн хийсвэр дүрээ бусдад тулгахгүй байх нь хүн бүрийн яг одооноос эхлээд хийж чадах зүйл болов уу”. 

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button