Сурвалжилга, Нийтлэл

Ө.Ганзориг: Ширэнгийн хууль шиг боловсролын системийг хална

Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга эдийн засагч Ө.Ганзоригийн санаачилсан “Хүүхдээ яаж мундаг хүн болгох вэ?”, “Эцэг эх форум” өдөрлөг  өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдсан юм. Уг өдөрлөг нь гурван илтгэл, нэг хэлэлцүүлгээс бүрдэх ба “Боловсролын реформ”-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд  өгчээ.

-МОНГОЛЧУУД ҮРГЭЛЖ БОЛОМЖИТ МАГАДЛАЛЫГ ТЭГЛЭЖ БАЙДАГ-

Тэрээр илтгэлдээ  эцэг эхчүүдэд хүүхдийнхээ мэргэжил хувь заяаг шийдэх гэж оролдох бус тухайн хүүхдэд аз жаргал, бүтээмжийг бий болгож буй дуртай мэргэжлийг нь сонгохыг зөвлөлөө. Мөн бүтээмжгүй мэргэжилтнүүд ажил дээр гараад хариуцлагагүй боловсон хүчин болдгийг өөрийн туршлагаас жишээ татан ярьлаа. Тодруулбал,

 Ө.Ганзориг: “Хүүхдийн төлөвшилд насны онцлог ихээхэн  нөлөөтэй. Тухайлбал 9-14 насны хүүхдүүд хүлээн зөвшөөрөгдөх цаглашгүй их хүсэлтэй байдаг. Энэ үед нь тэдэнтэй жоохон хүүхэд шиг харьцах хэрэггүй. Та хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж буйгаас хүүхдийн өөртөө итгэх итгэл хэмжигддэг. Цаашдаа ажилд ороход ямар боловсон хүчин болох нь шалтгаална” хэмээсэн юм.

Илтгэлдээ тэрээр хүүхдээ мундаг хүн болгоход туслах шалгарсан 10 аргыг эцэг эхчүүдэд онолын үндэслэл дээр тулгуурлан эрдэмтдийн туршилтаар тайлбарлажээ. Түүнчлэн өөрийн ажиглалтаар олж нээсэн 11 дэх арга буюу “Магадлал тэглэх синдром”-ыг  танилцуулсан юм. Үүнийгээ тэрээр цөмийн физикийн тухай судалж байх үедээ олж мэдсэн бөгөөд философи, цөмийн физикийн хуулиар дэлхий дээр байх боломжгүй зүйл гэж байхгүй, магадлал үргэлж тэгээс их бий гэнэ. Тэрээр “Монголчууд  үргэлж боломжит магадлалыг тэглэж байдаг. Иймээс амжилтанд хүрдэггүй” гэжээ.

-ШИРЭНГИЙН ХУУЛЬ ШИГ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ-

Өнөөгийн боловсролын системийн тухайд тэрээр “Манай орон 1950-аад онд Англид бий болсон хөтөлбөр болох “цээжлэх арга” дээр суурилсан. Гэвч эрдэмтэд энэхүү аргыг буруу гэж үзээд дэлхий дахинд сэтгэл зүйд тулгуурласан аргаар боловсролын системд реформ хийж байна” хэмээжээ. Мөн эцэг эхчүүдэд “Таны хүүхэд аль салаанд суудаг вэ?” гэсэн асуултыг тавьсан аж.

Тэрээр “Хүүхэд бүр адилгүй. Зарим хүүхэд аливааг хурдаг сурдаг бол удаан бөгөөд нухацтай сурдаг хүүхэд байдаг. Харин багш бүх хүүхдэд хурдан заадаг учраас удаан сурдаг хүүхдүүд хоцордог аж. Иймээс хүүхдүүд “сурмал цөхрөл”-д ордог байна. Өнөөгийн боловсролын системийн алдаа бол багш бүр хүүхэдтэй тулж харьцдаггүй байдал. 1990-ээд оноос хойш боловсролын систем ширэнгийн хууль шиг хурдан, ухаантай хүүхдүүд амжилтанд хүрч, сурмал цөхрөлд орсон хүүхдүүд гуравдугаар салааны хамгийн ард суудаг болсон. Иймээс Монголд боловсролын реформ хэрэгтэй“ хэмээсэн аж.

-НАЙМАН ЖИЛИЙН ДОТОР БОЛОВСРОЛЫН РЕФОРМ ХИЙХ БОЛОМЖТОЙ-

Тэгвэл “Боловсролын реформ” гэж юу вэ?

Ө.Ганзориг: “Реформ гэдэг нь шинэчлэл биш. Үе үеийн боловсролын сайдууд шинэчлэлийг хийж байсан. Харин реформ бол уг үндсээр нь солих гэсэн санаа. Техникийн тусламжтайгаар Монголчууд найман жилийн дотор боловсролын реформ хийх боломжтой. Хамгийн сайн гэгддэх 40 гаруй багшийг цуглуулан хүүхэд бүрт дэлгэцээр хичээл заалгана. Харин ангийн багш нар хоцорсон хүүхдэд тусалж, тэдэнтэй ойр ажиллах юм. Бид стратегийг бэлэн болгосон. Одоо дэмжигдэх л үлдсэн” хэмээн илтгэлээ дуусгажээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button