УРЛАГЯрилцлага

“Аlagaa&Nyamka”-гийн бичлэгүүд бидний зорьж буй томоохон төслийн эхлэл нь”

“Би хулгайлсан шорлог идмээр байна”, “Би ямар идье гээд байгаа юм уу. Хүүхэд чинь л идье гээд байна шүү дээ”. Энэ хэсэгхэн текстийг уншингуут уншигч та бүхэнд нэгэн контентын хэсэг санаанд тань орж байгаа нь мэдээж. Энэ бол “Аlagaa&Nyamka” хуудсаар дамжуулан уран бүтээлээ хүргэдэг залуусын бэлтгэсэн контентуудын нэг нь. Энэхүү бичлэгийг л гэхэд тус хуудаснаас дөрвөн долоо хоногийн хугацаанд 1.3 сая хүн үзжээ.

“Аlagaa&Nyamka”-гийн Алагаа буюу Ц.Энхтулга, Э.Дорждэрэм нартай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн Мартын 8-ны баяр тохиолоо. Та хоёр эхнэрээ хэрхэн баярлуулав?

Э.Дорждэрэм (Э.Д):- Сайхан баярлууллаа. Миний хувьд эхнэрээ дагаад л баярлачихдаг шүү дээ (инээв). Тиймэрхүү л өнгөрсөн.

Ц.Энхтулга (Ц.Э):- Эхнэр, хүүхэддээ хоол хийж өгөөд, гэртээ л баярлалаа. Мартын 8-ны үеэр халдварын тоо нэмэгдсэн. Тиймээс аль болох гэрээсээ гарахгүй байхыг чухалчиллаа. Эхнэрийнхээ хөл, гарыг нь бариад, бүтэн биеийн массаж хийж өгөөд л баярлууллаа (инээв).

-“Alagaa&Nyamka” хэдийнээс нэгдэв. Багаа анх байгуулах, бүрдүүлэх санааг хэн нь гаргасан бэ?

Э.Д:- Бид өмнө нь ярилцаад л яваад байсан юм. Хамтраад гоё юм хийе гээд. Тэгж явсаар 2020 оны аравдугаар сарын эхээр нэгдэн, “Alagaa&Nyamka” хуудсыг нээлээ.

Манай бичлэг бүхэн зорилготой, хэлье гэсэн санаатай. Бид нэг том төсөл хэрэгжүүлэхээр зорьж яваа. Бичлэгнүүд маань тэр төслийн эхлэл нь. Оршил л гэсэн үг.

Ц.Э:- Зүгээр нэг маазраад өнгөрсөн бичлэг хийхийг бид боддоггүй. 10 секундийн бичлэгт ч нарийн ажиллагаа, хөдөлмөр шингээн, тодорхой утга, санаа шингээж хийдэг. Бичлэгээрээ дамжуулан бодит шүүмжилдэг гэх юм уу даа.

-Танай пэйж хуудас -“Alagaa&Nyamka”. Нямка, Алагаа хоёрын нэрийг нийлүүлээд өгсөн нэр үү. Эсвэл өөр утгатай юу?

Ц.Э:- Төслийн хэмжээнд өгсөн нэр. Түүнээс биш хоёр жүжигчний нэрээр нэрлээгүй. Хүмүүс тэгж шүүмжлээд байна лээ. Тийм биш юм шүү.

-Бичлэгүүдээрээ дамжуулан хүмүүст юу ойлгуулж, мэдрүүлэхийг хүсдэг вэ?

Э.Д:- Яалт ч үгүй хөнгөн маазраад, хэлье гэсэн санаагүй хийсэн бичлэг бий. Гэхдээ аль болох тодорхой утга санаатай, бусдад ойлгуулахыг хүссэн агуулгатай хийхийг хүсдэг.

Ц.Э:- Бид ямар нэгэн юмнаас санаа аваад, өөр өнцгөөс харахыг хичээдэг. Нийтээрээ гурвалжин гээд харж буй зүйлийг бид дөрвөлжин болгоод хийж болно шүү дээ. Хүмүүст “Ийм өнцөг бас байгаа шүү” гэж харуулахыг хүсдэг. Цар тахалтай, эдийн засгийн хямралтай, нийгэм хэчнээн стресстэй байгаа билээ. Тиймээс хөгжилтэй бичлэг хийн, стрессийг нь тайлахыг хичээдэг.

Э.Д:- Бид бичлэгээ аль болох богинохон хийхийг чухалчилдаг. 4-5 минутаас урт хийх бид дургүй. “Урт байна. Дахиад таная, хасъя” гээд л суудаг юм. Болж өгвөл нэг минутийн хугацаатай бичлэг хийхийг хичээдэг.

-Бичлэгийн санаа, зохиолоо ихэвчлэн хэн нь бичдэг вэ?

Э.Д:- Манай Алагаа л бүх юмыг хийдэг. Зураг авна, жүжиглэнэ, зохиолоо бичнэ, эвлүүлнэ. Бичлэгийн санаа, зохиолын 80 хувь нь Алагаагаас гардаг. Олсон шинэ санаа, бичсэн зохиолыг нь бид ярилцаж байгаад баяжуулдаг, тийм ээ.

Ц.Э:- Санааг нь л гаргадаг бүх юмыг би хийдэггүй. Бүгдээрээ маш сайн ярилцдаг. “Би ингэж бодож байна. Ингээд хийвэл ямар вэ” гэж асуудаг.

Э.Д:- Бид заримдаа хурган муудна аа. Биднээс таван өөр санаа гардаг. Таван өөр үзэл бодолтой хүмүүс шүү дээ. Юмыг таван өөр талаас нь хардаг.

-Ихэвчлэн цаг үетэйгээ уялдуулж хийдэг үү. Эсвэл удаан бодож, төлөвлөж байгаад хийдэг үү?

Э.Д:- Цаг үеэ мэдрэх их чухал. Хэдийд ямар бичлэг хийвэл хүмүүст илүү хүрэх вэ. Жишээлбэл, Мартын 8-нд зориулсан бичлэгийг өөр өдөр цацвал яах вэ. Цаг үе нь таарахгүй. Хийчихсэн, цацахад бэлэн 20-иод бичлэг бидэнд бий.

Ц.Э:- Одоогоор бид 30-40-өөд бичлэг хийгээд байгаа байх. Яг нарийн тоолж байгаагүй юм байна.

-Та хэд нийт хэдүүлээ хамтардаг вэ?

Ц.Э:- Алагаа, Нямка, Дэрэмээ, Номио, Мөнхбаяр, продьюсер, зураг авалтынхан, make up, зураач бий.

-Та хэд ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

Э.Д:- Байхгүй ээ. Төслийнхөө хүрээнд бид нэг баг болчихсон яваа.

-Танайх шиг сошиалд хөгжилтэй контент хийдэг “Molpedia”, “Tippy top” зэрэг цөөнгүй байгууллага бий. Тэднээс танайх юугаараа онцлог, давуу талтай вэ?

Ц.Э:- Бид нэг тавцан дээр зогсож байгаа, адилхан юм хийж яваа хүмүүс. Нэг үеийн залуус. Бид аль болох санаа давхцуулахгүй, юмыг арай өөр өнцгөөс хийхийг хичээдэг. Манайхан бүгд мэргэжлийн жүжигчин болохоор дүрээ амилуулах, бүтээх талдаа илүү анхаардаг юм уу даа, тийм ээ?

Э.Д:- Тийм ээ. Хэдхэн секундийн бичлэгт ч обьектоо аль болох солихыг хичээдэг. Бичлэгээ чанартай хийх тал дээр их анхаардаг.

Ц.Э:- Зохиол, зохиол, зохиол бидэнд юунаас ч илүү чухал.

-Хамгийн урт хугацаанд хийсэн, ажиллагаа шаардсан бичлэг аль нь вэ?

Ц.Э:- Зураг авалтыг нь хоёр өдөр авсан бичлэг бий. За, байз аль бичлэг билээ?

Э.Д:- Аан, тийм. Яагаа вэ, чи ёолк болсон шүү дээ.

Ц.Э:- Нээрэн тэгсэн шүү дээ.

Э.Д:- Бас нэг бичлэгийг хийхэд ёстой чанга байсан шүү. Бид хэд аймгийн нэг юм хийх гэж үзэв ээ. Тэр их гоё оо. Би харанхуй өрөөнд суун, өгүүллэг унших ёстой байв. Утаа хэрэг болоод болдоггүй ээ. Алагаа, Нямка хоёр камерны ард зогсож байгаад тамхины утаа үлээв. Соронгуутаа утааг нь жижиг гуурсаар миний нүүр рүү явуулсан. Тэгэнгүүт хамар руу ороод, хоолой хорсоод ёстой баларч билээ.

Ц.Э:- Уг нь күүл харагдаад байдаг. Дэрэмээ юун тэкстээ унших манатай.

Э.Д:- Тэр хэсгийг зургаан цаг бичсэн.

-Та хэд өөрсдөө ч өөрийн эрхгүй инээдэг, байнга үздэг бичлэг аль нь вэ?

Э.Д:- Санаандгүй хийсэн заримдаа илүү аятайхан болчих тохиолдол бий. “Энэ ч дээ. За, яах вэ” гээд хийсэн зарим зүйл хамаагүй энгийн, гоё болчихсон байдаг. Хичээгээд, бүр нэг зорьж хийсэн юм хүмүүст хүрэхгүй байх нь бий. Чамд ямар байдаг вэ?

Ц.Э:- Хүмүүст ийм л зүйл ойлгуулъя гэж зорин, хоорондоо маш сайн ярилцаж байгаад хийсэн зүйл заримдаа “явахгүй” тохиолдол бий. Хөнгөн сэдвээр хийсэн бичлэг хүмүүст үнэхээр хүрэх үе ч зөндөө. Жишээлбэл, “Эрчүүд усанд орохдоо, эмэгтэйчүүд усанд орохдоо” гэдэг нэртэй бичлэг бий. Бодит амьдрал дээр яг тийм байдаг. Манай эхнэр усанд орсныхоо дараа жинхэнэ байгалиараа гарч ирдэг шүү дээ. Тэрийг бид хэтрүүлж л хийсэн.

Э.Д:- Тийм шүү. Манай Номука усанд ороод хэзээ ч над шиг болохгүй нь ойлгомжтой. Хэтрүүлж байж, давс, хужрыг тааруулж хийхээр хүмүүст илүү хүрдэг.

Ц.Э:- Одоо хоёр сая гаруй хүн үзээд байгаа. Амьдралтай ойрхон сэдвээр хийх тусам хүмүүст илүү их хүрдэг. “Нээрэн ингэдэг шүү дээ” гээд үздэг юм билээ.

-Жирэмсэн эмэгтэйн тухай хийсэн бичлэг үүний нэг жишээ. “”, “Би ямар идье гээд байгаа юм уу. Хүүхэд чинь л идье гээд байна шүү дээ” гээд хэлэхээр хүмүүст их ойр. Тэр хэрээр хүмүүст илүү хүрнэ лээ.

Ц.Э:- Мэдээж тэрийг бид хэтрүүлж хийсэн. “Хулгайлсан шорлог идмээр байна” гэх эмэгтэй хүн байх уу. Эрчүүд бид жирэмсэн болж чадахгүй. Жирэмсэн хүний сэтгэл зүй ямар байдаг билээ. Гэнэт өвөрмөц зүйл хүсэн үе зөндөө. Молокон дээр хиам тавьж идмээр байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү сонин, сонин юм хүсдэг шүү дээ.

Д.Э:- Манай эхнэр жирэмсэн болоод надад “Би чиний хүүхдийг төрүүлэх гэж байгаа. Чиний хувьд би хаан. Миний хэлснийг чи хийх ёстой. Юу хүсэж байгааг минь чи авчрах ёстой” гэж хэлсэн. Иймэрхүү зүйлүүдийг л бид жаахан хэтрүүлээд, хөнгөн хийчихэж байгаа юм. “Хулгайлсан шорлог идмээр байна” болгоод өөрчилчихсөн.

Ц.Э:- Манай ээж нар хүүхдээрээ далимдуулж заримдаа нөхрөөрөө юм авхуулдаг шүү дээ. Амьдрал тийм юм байлгүй яах вэ.

-Та хэдийн энэ бичлэгийг эхнэрүүд нь үзээд юу гэсэн бэ?

Ц.Э:- Манай эхнэр “Би арай ч ингэдэггүй шүү” гэсэн. Чамаас санаа авсан ганц нэг юм бий шүү л гэсэн (инээв).

Э:Д:- Тийм шүү дээ. Жаахан хэтрүүлчихсэн л болохоос.

Ц.Э:- Хэтрүүлснийгээ хасчихаар яг байгаа байхгүй юу. Бүх эмэгтэйчүүд яг л тийм байгаа. Дуртай амттанаа, хүссэнээ зүйлээ авхуулъя гээд нөхөртөө эрхэлдэггүй эмэгтэй хүн байхгүй шүү дээ.

-Та хоёр мэргэжлийн сургууль төгссөн үү. Урлагийн салбартай амьдралаа холбоод хэр удаж байгаа вэ?

Э.Д:- Би 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр Ардын багш Цэрэндагва багшийнхаа удирдлагад төгссөн. Сургуулиа төгсөөд 11 жил болж. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрийг санаж байна уу. Тухайн үед ёстой шуугиулж байсан контент шүү дээ. Би залуу жүжигчнээр орж байлаа. “360 градус”-ыг хийж байсан ах нар маань гэнэт больчихсон. Яагаад тэгснийг нь би одоо ч мэддэггүй.

Би ангийнхаа хэдэн хүүхэдтэй хамт нийлээд “Ёстой алаад өгье” гээд нэгдсэн. Тэгээд “360 градус”-ыг унагаасан байдаг юм. Тэгээд шууд больсон.

Би нэг хэсэг барилгын компанид ажилласан. Амьдрахын эрхэнд хар бор ажил зандаа хийсэн. Тэгж явахаар сүүлдээ мэргэжлээрээ ажиллах сан гэж бодол улам төрсөөр байв. Би жүжигчин мэргэжилдээ их хайртай. “Мэргэжлээрээ ажил” гэж өөрөө өөртөө үргэлж сануулсан. Тэгээд урлагийн салбарт шуугиулаад ордог баатар болсон чинь эхэндээ яах, хэрхэх учраа олоогүй. Тэгж яваад 2020 оноос хоёр найзтайгаа хамтран ажиллаж байна.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй, урлагийн салбараас хөндийрсөн он жилүүддээ харамсдаг уу?

-Нэг их харамсдаггүй. Би аав, ээждээ туслахын тулд л барилга дээр ажилласан.

Ц.Э:- Бас гэр бүл зохиосон байж.

-Харин тийм. Жүжигчний цалин ямар билээ. Юу ч гэсэн хар бор ажил гололгүй хийгээд хөл дээрээ босъё гэж бодсон юм. Мэргэжлээрээ ажиллалгүй удсандаа харамсдаггүй. Одоо оройтоогүй шүү дээ.

-Алагаа “Зохиомж”-ийг хэдэн онд төгссөн билээ?

-2013 онд төгсөн. Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар багшийн шавь. Сургуулиа төгсөөд “X ТҮЦ”-т орж байлаа. Тэнд 5-6 жил ажиллахдаа Нямкатайгаа танилцсан. Дараа нь Нямка бид хоёр БНСУ-д хоёр жил ажилласан. Монголдоо ирснийхээ дараа “Авьяаслаг монголчууд”-д оролцсон юм.

Э.Д:- Манай хоёр БНСУ-д ажиллаж байхдаа яг над шиг урлагаа их санадаг байсан гэнэ лээ.

Ц.Э:- БНСУ-д ажиллаад, амьдрах сайхан. Мөнгө олж, сайхан амьдарч болж байна. Гэхдээ урлагийн салбар, жүжигчин мэргэжил маань ямар их үнэ цэнтэй билээ. Ажлаа дуусгачихаад фэйсбүүкт орохоор манай үеийнхэн ёстой шуугиулж байдаг. Шар гозойгоод “Мөнгийг олж болно. Хоёулаа Монголдоо очоод гоё юм хийе” гэж зорьсон юм.

Э.Д:- Монголд ирээд “Авьяаслаг монголчууд”-ыг ёстой шуугиулсан шүү дээ.

-Их эрсдэлтэй үзүүлбэр. Тэр хэрээр олны анхаарлыг татсан. Жаахан л алдаа гаргахад бүх зүйл балрах үзүүлбэр шүү дээ. Хэр эргэлзсэн бэ?

Ц.Э:- Тэр үзүүлбэрийг бэлдэхэд ёстой юм, юм болсоон. Хоёулаа олон удаа муудалцсан. “Больё” гэсэн үе зөндөө. Шүүгчдийг пароди хийгээд, хүмүүст яаж хийвэл сонирхолтой санагдах талаас нь их бодсон. Хөөстэй үзүүлбэр маш их эрсдэлтэй. Арчуур унавал тэгээд л дуусна. Тиймээс бид хоёр бэлтгэлээ маш сайн хийсэн. Хүмүүс “Зоригтой, шинэлэг болж” гэдэг. Одоо тэр бичлэгээ үзэхээр гоё санагддаг.

-Дахиж тийм зоригтой, эрсдэлтэй үзүүлбэр хийх бодол бий юү?

Э.Д:- Байгаа. Ер нь бид хийсэн шүү дээ. “Хатуу тоглоом-III”  дээр Нямка “Их дэлгүүр”-ийн өмнө нүцгэн зогссон.

-Та хоёр ярилцлагынхаа эхэнд “Alagaa&Nyamka” бол томоохон төслийн эхлэл нь гэж тодотгосон. Тэр тухайгаа тодруулж болох уу?

Ц.Э:- Ер нь урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл. Энэ талаар одоо ярихад арай эрт байна. Тодорхой юм хийж, бүтээснийхээ дараа тодорхой ярьсан нь дээр байх. Дорвитой хийсэн зүйлгүй байж өөрсдийгөө дөвийлгөж, “Тэгнэ, ингэнэ” гэж ярих дэмий. Би бүгд нэг зүг рүү харан, гар гараасаа атгачихсан байгаа.

 -Кино хийх бодол бий юү?

Э.Д:- Бид маш нарийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Мэдээж кино хийх бодол бий. Гэхдээ ойрын төлөвлөгөөнд байхгүй. Бид продюсертой. Бүх ажлыг продюсер хариуцдаг. Юу хийх, ярилцлага өгөх эсэхээ ч бид продюсероосоо асуудаг.

Ц.Э:- Бид маш их зарчимч байхыг хичээдэг.

-Бүтээхийг хүсдэг дүр та хоёрт байдаг уу?

Э.Д:- Харин юу билээ. Чамд бий юү?

Ц.Э:- Эсрэг дүр бүтээхийг хүсдэг.

-Эмэгтэй хүний дүр бүтээж чадахаа та харууллаа. Зарим хүний шүүмжлэлд эмзэглэдэг үү?

-Эмзэглэдэггүй. Эхнэрээ, эмэгтэйчүүдийг их сайн ажигладгийнх юм болов уу.

Э.Д:- Эмэгтэй хүний дүр шаардлагатай болвол шууд Алагааг “Чи бол” гэдэг юм. Бид хэдийг бодоход арай гоо зүйтэй. Нямка, бид хоёр эмэгтэй хүн болохоор арай л санагддаг. Гурвуулаа хамтраад эмэгтэй хүний дүрийг хэд хэдэн удаа бүтээсэн. Алагаа хамгийн күүл нь байна лээ.

Ц.Э:- Ялгарч байна лээ (инээв).

Э.Д:- Нээрэн чамайг хүмүүс ингэж байгаад нэг өдөр “Би эмэгтэй” гэх вий дээ гээд байна лээ.

Ц.Э:- Бүтээсэн дүр минь л тийм байсан шүү гэдгийг тодотгоё.

Э.Д:- Алагаа эхнэр, хүүхэдтэй хүн. Яаж ч бодсон эмэгтэй болохгүй ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button