УРЛАГЧөлөөт нйитлэлч

Дурсамж: Амьд явбал улсын наадам үзнэ

Улаанбаатарт ирэлгүй уджээ. Хаа нэгтээ найзуудаас хамтдаа алхаж асан гудамжууд, амьдарч асан байшингийн минь зураг ирэхэд догдлох атлаа өнөө өөрөө ирэхэд онц сонин юм үгүй. Зөвхөн санахад л сайхан газар, хүн гэж байх ажээ. Бусдын хувьд би өөрөө тийм хүн. Эсрэгээрээ санахад хэцүү, уулзахад сайхан газар, хүн ч бий. Уулзах аргагүй хүнийг санах хэцүү. Улсын нийслэлд ирээд ажаагаа санав. Битүүхэндээ Улаанбаатарт өвгөдийг сануулах юу ч үлдээгүйг мэдрээд буйгаас...

Идэрхэн залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа даа
Аяа хөөрхий алдрай мину зээ

/"Эр бор харцага" ардын дуу/

Ажаа гэж аавын минь аав болсон нагац өвөө л дөө. Аав минь гал дээр гарсан зээ нь юм. Ерөөс Төв аймгийнхаа аавыгаа ажаа хэмээн авгайлах. Арван дөрвөн нас хүртлээ ажаатайгаа хамт байлаа. Манайх одоогийнхоор бол "Өргөтгөсөн гэр бүл" гээч нь байж. Ажаа, ажаагийн охин буюу аавын ээж, надад бол эмээ, ажаагийн анхны эхнэр, ажаагийн хадам аав гээд олон эмээ, өвөө нар ойрхон амьдарцгаах. Цөмөөрөө л хэр, хэрээрээ урт насалцгаажээ. Багадаа хоорондын холбоог нь ойлгох гэж будилдаг байв. Сургуульд ороод найзууддааа "Энэ чинь манай аавын өвөө, харин Гандангийн хамба өвөө чинь ажаагийн хадам нь" гэхээр найзууд учрыг нь олдоггүй байж билээ. Монголчууд ер нь цөлх, уужимдуу улс байжээ. Одоогийнх шиг салж сарнихаараа "Хонь, чоно" болоод байх юмгүй. "Өнөө хэдийгээ зусланд нь гаргах юмсан. Энэ нэг хар юм хаваржин надад олдохгүй байсаар удчихлаа" гэж хар хүнээ зандарч суухтай багадаа өчнөөн таарч байв. "Өнөө хэд" гэдэг нь "Энэ нэг хар юмных" нь өмнөх эхнэр, хүүхэд. Өөрөө бол одоогийнхоор салгаж суусан хүүхэн болох миний бас нэг эмээ. Дарамын Батбаяр гуайн "Цахилж яваа гөрөөс" уншихаар яг нүдэнд төсөөлөгдөөд байхыг яана.

Ажаа гэж ааш муутайдуу өвгөн байх. Эвий гэж дээ, наян гаран насалсныхаа сүүлийн арав гаруй жил нь хараагүй байв. Нэг удаа "Харахгүй тусам хорвоо маш тод харагдах боллоо" гэж билээ. Тод харагдсан хорвоо нь ямаршуухан ая дантайг асууж харин чадсангүй ээ, даанч жаалхан явжээ. Тийм ажаа наадмыг зөвхөн сонсоно. Харах нүдээ алдаж, харанхуйн дунд бэдчиж явсан ажаагаа санахад сэтгэл одоо ч хөндүүрлэнэ. Ажаа ганцаардаж, уйддаг байсан нь холдох тусам л тодрох юм. Ямар сайндаа над мэтийн нусгайгаар хань хийгээ юм бол доо.

"Амьд явбал улсын наадам" үзнэ гэж. Ажаа минь араажваараа морь, бөхөө сонсоод, яг долоодугаар сарын 13-ны үдэд бурхан зүг одож билээ. Монгол хүнд наадам нь ийм чухал баяр. Гэтэл л надаас өгсүүлээд "одоогийн улс" наадмыг ойшоохоо больжээ. Нэгэнт ойшоохоо больсноос хойш үр хүүхдэдээ наадмын гэгээн дурсамж үлдээхгүй биз ээ! Ажаа араажваараа бөхөө сонсож суухдаа хөгширч цоохортож, үрчлээтсэн нүүрээр нь нэг баясал тодорч  асан. Надаас үе үе "Энэ хэн ямаршуухан бие, хаа, төрхтэй бөх вэ?" гэж асууна. 1990-ээд оны дунд үеэс "зургаан залуу заан” алдаршиж, наадмыг мөн ч сонирхолтой болгодог байв даа. Ажаа надаас тэдний нэгийг л цохож асуугаад буй хэрэг. Би гэж балчир юугаа ч хариулж шалих вэ. Бөх байтугай эр шинжиж ч үзээгүй шалдар амьтан. Хожим нэг заантай нь таараад сүрхий ажиглаж билээ. "Ажаад дүрсэлсэн бол юу гэж хэлэх билээ?" гэсэн бодол гэнэт орж ирснээс тэр. Гээд тэр асуусан бөх нь одоо улс төрч болоод улс самарч суугааг бодоход цагийн өнгө гэж мөн ч хачин.

Ажааг нутаглуулах цувааны эхэнд Зил-130 машины кабинд зургийг нь тэвэрч явсан хүн нь би. Гэтэл тэр зураг хэдэн жилийн өмнө алга болов. Байшиндаа засвар хийхээр гаргасан хогшлоо буцаан оруулах үеэр олдоогүй. Олоогүй биш олдоогүй байж мэднэ. Ажаагийн зураг нэг ч үгүй учраас сэтгэл дэх төрхийг нь мартаж болохгүй үүрэг ногдлоо. Хичнээн хичээсэн ч улам л бүдгэрээд байх юм билээ. Цагийн хүч ийм, миний чармайх хамаагүй. Тиймээс одоо наадам, цагаан сар бүхэлдээ ажаа минь билээ.

Сайн хүний үрийг
Даравч болдоггүй билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ

/"Эр бор харцага" ардын дуу/

Багад улсын наадам үзэх шиг баяр хөөр үгүй сэн. Наадамд сойх морьдоо ачаад томчууд яваад л өгнө. Хүүхэн, хүүхэд голцуу цөөн улс хотоо сахиад үлдэх агаад хурдны морь унахгүй би бээр тэр дунд үлдэлгүй яах вэ. Нэг жилийн наадмаар ижий намайг дагуулаад наадамчдын араас явж билээ. Унаа, унаа дамжсаар очиж үзсэн тэр наадам гойд. Тийм олон хүн цугладаг үйл гэж бас байх аа! 1990-ээд оны тэр зуныг одоо санахад  уйлам. Ажаа гэлтгүй цөм л амьд сэрүүн, аав ижий хоёр минь цэл залуухан тэр зураглал уу... Тэр цагийн өнгөнөөс бодвол наадмын нээлтийн тасалбарын үнэ өссөөр тэнгэр бараадах цагтай золгох юм гэж хэн саналаа даа. Гээд яалтай, амьд явахад наадмын нээлт үзэх хувь тохиож л таарах биз, амьд нь амьдынхаа ёсоор л жарган цэнгэх учиртайгаас хойш.

Ажаа ой сайтай хүн агаад “Улсын наадмын магтаал” зохиосноо цээжээр дуудахыг нь сийрүүлэхэд тууш шугамтай, 24 хуудас дэвтэр болж билээ. Тэр магтаалын төгсгөлд "Үүнийг хасахыг хасаж, нэмэхийг нэмээд цааш цааш нь дамжуулж улсын сонорт хүргэж өгөөрэй" гэсэн байх. Ажаагийн энэ магтаалыг сонсох улсын сонор гэдэг нь одоо үгүй болжээ. Захиас биелүүлэх боломж алга. Цаг цагаараа юм даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-06 10:17

амьд явб�##� �##�тан аяганаас ус уунаа гэдэгсэн угнь

ринчинболд
ринчинболд
2023-02-17 20:25
Reply to  Зочин

амьд явб�##� �##�тан аяганаас архи уудаг гэдгийг армийн 10 генер�##� нотлоод ил товчоо сонинд зурагтайгаа гарчихаж билээ жанжин тугны шовх илд үзүүрийг �##�тдах шийдвэр гараад улсын банк 200 грамм �##�т өгснийг �##�тны сайн дархан илүү гаргаад 10 хуванцар аяга �##�тдаж өгсөн учиртай байжээГоймон Пүрэвдорж генер�##� армийн улс төрийн газрын дарга хийж цуг уулцсан байж л дээ тэгээд хүн муутай новш нөхдөө матаад өөрийнхөө гаргадаг сонинд нийтэлсэн нь тэр байжээ

Зочин
Зочин
2022-11-11 23:12

Сайхан бичжээ. Түүх нь ч сайхан юм. Монголын хөдөөгийн борог амьдр�##� ч агуу даа. Тэр чигээрээ ухаар�##�, жинхэнэ амьдр�##�, дурсамж...

Зочин
Зочин
2022-12-05 18:04

1

Холбоотой мэдээ

Back to top button