ЭДИЙН ЗАСАГ

БХБЯ: Барилгын төсөв нэмэгдсэнтэй холбогдуулж, 533 төсөлд нэмж 274.3 тэрбум төгрөг төсөвт суулгана

БХБЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛЖ, 533 ТӨСӨЛД ЗОРИУЛАН 274.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ СУУЛГАНА-

Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2022.07.20/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа ирэх сарын 1-нээс дуусч байгаатай холбоотой мэдээлэл хийлээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийг баталсан. Үүнтэй холбоотой Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн тогтоол батлагдсан. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах. Хоёрдугаарт, өмнө нь батлагдсан төсөл арга хэмжээний төсвийн өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг өгсөн. Чиглэлийн дагуу долдугаар сарын 1-нд тайланг танилцуулах байсан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн 1122 төсөл жагсааж, 800 гаруй төслийг магадлах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Хоёр ч удаа Засгийн газарт танилцуулж, Сангийн яамтай хамтарч мөн танилцуулсан. Ингэснээр нийт 533 төсөл магадлагдаж, барилгын материалын үнийн өсөлтийг харгалзаж 2023 оны төсөвт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай болохыг мэдэгдсэн байгаа.

Засгийн газар дэмжиж төсвийн байнгын хороонд танилцуулах үүрэг өгсөн. Олон талаас нь авч үзсэний эцэст үлдсэн 317 төсөл хөтөлбөрүүдийг мөн хамруулах боломж гарсан байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хамрагдалт хангалтгүй байна. Барилгын материалын үнийн өсөлтийг тооцоолоогүй байгууллага, аж ахуй нэгжүүд тооцуулах боломжтой. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд үүссэн зөрүүг тооцуулахыг хүсч байна.

Компаниуд баяр наадмын амралт, бичиг баримтын бүрдэлт зэргээс хамаарч хангалтгүй хамрагдаж байгаа бөгөөд төслийн ихэнх гүйцэтгэл хийчихсэн тохиолдолд үнийн өсөлтийг тооцуулахаас татгалзаж байж болох талтай аж. Бичиг баримтын тухайд гүйцэтгэгч компани, зураг төсөл, орон нутгийн зөвшөөрлийн гарын үсэг шаардлагатай. Эдгээрээс шалтгаалж хүсэлтээ өгөхгүй байгаа тохиолдол байгаа юм байна. Барилга хот байгуулалтын яамнаас бүх сайд нар руу хүсэлт хүргүүлсэн. Танай яаманд ийм төсөл арга хэмжээ байна. Үүний төсвийг 2023 оны төсөвт суулгаж ажиллах шаардлагатай гэдгийг ч хүргүүлсэн бөгөөд улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэгчид хангалтгүй хамрагдаж байна.

-ЦЕМЕНТ ТОНН НЬ 270-310 МЯНГА, ШУУДАЙ НЬ 15 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Барилгын бүтээн байгуулалт ид өрнөдөг эдгээр саруудад цементийн үнэ өсөж, хомстол үүсээд байгаа нь барилгын салбар төдийгүй ААН, иргэдэд хүндээр тусч буй.

Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр цементийн нийлүүлэлт, үнэ ханшны талаар тэд нааштай мэдээ өглөө. Тодруулбал, “Цементийн үнийн өсөлтийг хувьд тээвэрлэлтийг онцгой анхаарч, долоодугаар сарын 1-нээс Мак цемент, Мон цемент, Хөтөл гэсэн гурван том үйлдвэрээс төмөр замаар тээвэрлэх асуудал дээр анхаарч ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Мак цемент 470, Хөтөл цемент шохой 365, Мон цемент 340 вагоны асуудал шийдвэрлэлээ. Тухайн өдөр өдөртөө үйлдвэрүүдэд шаардлагатай дотоодын төмөр замын тээвэрлэлтийн захилгыг авч, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран зохион байгуулаад явж байна.

Үйлдвэрлэгч, тээвэр зохион байгуулалттай холбоотой доголдлууд бол үүсдэг, энэ асуудлыг бид нар онцгой анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гурван үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Хөтөл цемент задгай цементээ 9 сарын 1 техникийн засвартай холбоотойгоор зогсоосон. Шуудайтай цементийн нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. Нөөц бүрдүүлсэн учраас ууттай цемент тасралтгүй гарна гэсэн үг. Хөтөл цемент зах зээлийн 25-30 хувийг хангадаг учраас хомстол үүсэхэд нөлөөлөх  боломжгүй. Бусад хоёр үйлдвэр, дээрээс нь Налайхад нэг үйлдвэр бас хэвийн ажиллаж байна. Цементийн үнийн хувьд тонн нь 270 мянга үнэтэй байна. Үнийг өсөлтийг бууруулах зорилгоор Хөтөл нэг шуудайгаа 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Мак цемент, Мон цемент үйлдвэрүүд 22-ын өөрсдийн борлуулалтын цэгээс борлуулалт хийж байна. Энэ нь ихээр авч, дамлан борлуулахаас сэргийлж байгаа юм. Иргэд өнөөдөр өөрт ойр байгаа цэгүүдээс өндөр үнэтэй авчхаад байгаа. Тэгэхээр тухайн үйлдвэрүүдийн албан ёсны борлуулалтын цэгээс авбал бодит үнээр авах боломжтой” гэлээ. 

Мөн барилгын бусад  голлох материалын нөөц бүрдүүлэх чиглэлээр 2000 вагон материал оруулж ирсэн. Одоо чингэлэг тээврээр өдөрт 50-60 чингэлэг голлох материал орж ирж байгаа учраас үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх боломж гэж харж байгаа гэж мэдээллээ. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button