Нийгмийн

ФОТО: Нийслэлийн "ХӨГШИН” барилгууд хэдэн настай вэ

МОНГОЛ БАНК

Монгол банкны энэ байшин 1930-аад онд баригдсан байдаг. Нэгдүгээр байр нь 5-6 жилийн дараа, Б корпус 1990-ээд оны дундуур баригджээ. Өдгөө уг барилга 90 гаруй жилийн настай.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

VIII Богд Жавзандамба Туул голын хөвөөн дэх Ногоон ордноо 1893-1903 онд бариулжээ. Өдгөө уг барилга 116 жилийн настай

НИЙСЛЭЛИЙН ТАВДУГААР СУРГУУЛЬ

Тавдугаар сургуулийн үндсэн барилга нь 1950 онд баригдсан ба  ашиглалтын шаардлага хангахаа больсон. Найман баллын бүсчлэлд газар нутаг нь орчихсон тул газар хөдлөлт, чичирхийллийг давахгүй гэх. Өдгөө уг барилга 69 жилийн настай.

УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь Монгол Улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт доктор, профессор Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 01-ны өдрийн 216 дугаар тогтоолоор пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний зохион бүтээх, урлах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн . Өдгөө уг барилга 31 жилийн настай.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ

В.И.Ленин музей нь музейн зориулалтаар баригдсан, хийцийн хувьд Азидаа нэлээн дээгүүр ордог барилга аж.  Лениний музейг өмнө нь намын байр, худалдааны төв зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглаж, хамгийн сүүлд Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэсэн. Энэ барилгыг  анх МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор  Улаанбаатарт пролетарйин их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилга  бариулах шийдвэр гарч, зураг төслийг нь урлуулж, дараа оных нь арваннэгдүгээр сарын 5-нд барилгын суурь тавих ёслол үйлджээ. Өдгөө уг барилга 46 жилийн настай.

ТУУЛ РЕСТОРАН

Бидний мэдэх "Туул ресторан ” 1946-1948 онд Улсын барилга трестийн барилгачидаар баригдсан Туул зоогийн газар нь Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга юм. Өдгөө уг барилга 71 жилийн настай.

ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн байгуулагджээ. Монгол улсын Эрдэнэсийн санд ховор нандин, хэзээ ч давтагдашгүй  200 орчим уран бүтээл бүртгэгдсэн байдгийн дотроос 50 орчим уран бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалж байдаг. Музейн байшин 1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Өдгөө уг барилга 53 жилийн настай.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон. Өдгөө уг барилга 63 жилийн настай

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга бол дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Улсын төв театрын барилга байгуулах тухай СнЗ-ийн тогтоол 1940 онд гарсан ч эх орны дайны улмаас хойшлогдож, 1946 оны 6-р сарын 28-нд анхны суурийн чулууг тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, Герман архитектор Герхард Косель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, Японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтанд оруулжээ.  Өдгөө уг барилга70 жилийн настай.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Соёлын Төв Өргөөний барилгыг Оросын холбооны улс 1988 онд барьж, манай улсад бэлэглэсэн байдаг. Тус барилга УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэн юм. Өдгөө уг барилга 31 жилийн настай.

САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭНГИЙН АМЬДАРЧ БАЙСАН БАЙР

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан барилгыг нийслэлийн өмчид авахаар болжээ. Уг байшинг  "Гоожингийн өндөр ” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд сүүлд гамингууд Богд хааныг энэ барилгад хорьж байсан түүхтэй аж. Өдгөө уг барилга 105 гаруй жилийн настай.

ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САН

Үндэсний номын сан 1921 онд ардын хувьсгал ялсанаас дөрвөн сарын хойно үндэсний өв, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан түүхтэй. Тухайн цагийн сэхээтнүүд болох гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номуудыг нийлүүлэн, хоёр мянга гаруй номтойгоор "Судар бичгийн хүрээлэн нэртэй ” анх байгуулж байжээ. Өдгөө уг барилга 98 жилийн настай.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button