ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн ярилцлага

WEDF2023: "Компаниуд хиймэл оюун ухаанаар нийлүүлэлт, сурталчилгаа, тооцооллоо хийлгэдэг"

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Улс орнууд эдийн засгаа дэмжиж, хөгжүүлэхэд хиймэл оюун ухаан чухал үүрэг гүйцэтгэж буй нь олны анхаарлыг татсаар. Технологийн хөгжилтэй зэрэгцэж, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзлэх болсон хиймэл оюун ухааны талаар Беркли дэх Калифорнийн Их сургуулийн Олон улсын компьютерийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Де Кайтай ярилцсан юм.

-Хөгжингүй орнуудын үйлдвэрлэлд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа вэ. Тэр сайн туршлагыг хөгжиж буй орнууд, тэр дундаа хөгжингүй орнуудын ЖДҮ-д хэрхэн ашиглах боломжтой бол?

-Маш өргөн цар хүрээтэй асуулт байна. Хиймэл оюун ухаан гэдэг бол олон төрөл байдаг. ЖДҮ олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг болохоор өргөн хүрээтэй сэдэв хэмээн тодорхойлж байгаа юм. Жишээ дурдаж ярья.

Нэгдүгээрт, хиймэл оюун ухааныг түгээмлээр ашиглаж байгаа салбар бол өгөгдлийн шинжилгээний салбар юм. Уг салбар нь хиймэл оюун ухааныг хэрэглэгчдийнхээ төрлийг тодорхойлоход ашиглаж байна. Тухайлбал, аливаа бүтээгдэхүүнийг ямар төрлийн хэрэглэгчид хэрэглэж буйг тодорхойлоход ашиглаж байгаа юм. Мөн сурталчилгаа ямар төрлийн хэрэглэгчдэд хүрч байгааг тодорхойлоход ашиглах боломжтой.

Хоёрдугаарт, ханган нийлүүлэлтийн сүлжээнд хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа юм. Жишээлбэл, хиймэл оюун ухаанаар харилцдаг, харилцан ярилцах боломжтой програмыг дурдаж болно. Чатбот гэх мэт. Энэ нь хэрэглэгчдийн асуултад хариулж, зөвлөгөө өгөх байдлаар бүтээгдэхүүнээ сурталчилдаг.

Гуравдугаарт, материал бүтээх буюу сурталчилгааны үзүүлэн материалд ашиглах боломжтой. Өмнө нь маркетингийн зураг авахад цаг завыг ихээхэн зарцуулдаг байсан бол өнөө үед хиймэл оюун ухаанаар богино хугацаанд оновчтой зураглал бүхий материалыг гаргаж ирэх боломж бүрдсэн.

Энэ туршлагуудыг харах аваас хиймэл оюун ухааныг ашиглах өргөн боломж буй нь харагдаж байгаа тул ЖДҮ эрхлэгчид уран сэтгэмжит төсөөллөө ашиглаж, үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

-Товчоор бол бид худалдааны салбарт ашиглах нь маш том давуу талыг бий болгоно гэж ойлголоо?

-Арилжааны үйл явцад орчуулагч болгон ашигласнаар ямар ч улсын хүмүүст бүтээгдэхүүнээ борлуулах, хүргэх, сурталчлах, худалдаалах гарц бий болно. Мөн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээгээ оновчтой болгоход хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой юм. Тухайлбал, орчуулагч байдлаар. Ингэснээр дэлхийн ямар ч улсын иргэн цахим орчинд тухайн бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах боломжтой.

-Хиймэл оюун ухааны ирээдүйд ямар төсөөлөл байгаа вэ. Цаашид хэрхэн хөгжих вэ?

-Би хиймэл оюун ухааны хөгжлийн тал дээр өөдрөг төсөөлөлтэй байгаа. Хиймэл оюун ухаанд хамгийн бага зардалтай, оновчтойгоор, цаг хугацааг хэмнэсэн байдлаар бараа бүтээгдэхүүнийг хэрхэн ханган нийлүүлэх талаарх даалгавар өгөхөд хамгийн шилдэг загварчлалыг бий болгох хэмжээнд хүрсэн.

Жишээлбэл, Алибаба компани ханган нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулахад хиймэл оюун ухааныг ашигладаг. Мөн хэрэгцээтэй байгаа нөөцүүдээ хаанаас хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээллээ ч хиймэл оюун ухаан ашиглаж захиалдаг юм. Асуулт асуухад л хариултаа авдаг болсон үе шүү дээ. Өөрийн хэрэгцээ шаардлагаа хэлж, улмаар түүнийгээ биелүүлэх нөөц боломжоо дурдаж, санхүү, цаг хугацаа, хүний нөөцөө дурдаад, зорилгоо хэрхэн биелүүлэх талаар асууж болно. Хиймэл оюун ухаан тэр зорилго, зорилтыг тань тодорхойлж өгч чадах хэмжээнд хүртлээ хөгжсөн байна. Хүний нөөцийн төлөвлөлтийг оновчтой болгоход ч ашиглаж байгаа.

Тухайлбал, Хятадын нэр бүхий компани 8000 ажилтныхаа зохицуулалтыг хиймэл оюун ухаанаар хийж үзэхэд компанийн үйл ажиллагаа хоёр цагаар хэмнэгдсэн гайхам үзүүлэлт гарсан. Тиймээс компаниуд өөрт байгаа нөөцийг хэрхэн оновчтойгоор хуваарилахаа хиймэл оюун ухаанаар шийдүүлж байгаа юм. Ийн харвал хүнтэй харилцан ярьж чаддаг хиймэл оюун ухаанд илүү их ирээдүй бий. Цаашид ч ихээр ашиглах болно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button