Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Тэд бидний тухай: Монгол малчдын амьдрал мөхлийн ирмэг дээр байна

Их Британийн “The Guardian” агентлаг цаг уурын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн даац хэтэрсэн гэх мэт асуудал малчдын нүүдэлчин амьдралын хэв маягт хэрхэн заналхийлж байгаа талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулж хүргэе.

Уур амьсгалын өөрчлөлт хуурай зун болон илүү хүйтэн өвөл авчирч байгаа нь Монголын тал нутаг дахь амьдралын хэв маягийг бүхэлд нь мөхөх аюулд хүргэж байна.

Ц.Ганзориг өнгөрсөн өвлийн талаар бодохоор жихүүдэс нь хүрдэг. Тал газраар хүйтэн салхи үлээж, зузаан цас хучсаны улмаас мал амьтад цасан доорх өвсийг идэж чадахгүй нөхцөл байдал үүссэн юм. Агаарын температур -35 градус цельс хүрч буурсан.

Түүний турж эцсэн малууд хөлдөж үхжээ. Бие биедээ ойртон дулаацах гэсэн хот мал дотор зарим нь шахагдаж эндсэн байна. Амьд үлдсэн хэдийгээ аврахын тулд Ганзориг олон зуун километр замыг бэлчээр хайж туулан, хэдэн долоо хоногийг машиндаа унтаж өнгөрөөжээ. Энэ явдал түүнийг бараг л цөхрөхөд хүргэсэн байна.

Ганзориг “Нүүдэлчин ахуй бол бидний өв соёл, үүнийг үргэлжлүүлж байгаагаараа бахархдаг. Гэхдээ эрс тэс уур амьсгал жил ирэх тусам л хэцүү болж байна. 50 нас дөхөж байгаа ч заримдаа “Ийм хэцүү цаг үед малчин байх хэрэг юу байна. Зүгээр л бүх юм аа зараад хотод ажилд орж болно шүү дээ” гэж боддог” гэж хэлэв.

Монгол Улсын 3.5 сая гаруй хүн амын 30 хувь нь малчин. Тэд улирал дамнан тал газраар бэлчээр хайн нүүдэллэдэг. Хотод амьдардаг хүмүүс ч гэсэн нүүдэлчин ахуйгаараа бахархдаг юм.

Ганзоригийн оршин суудаг Өвөрхангай аймгийн албан тушаалтан С.Бямбадорж “Бидний амьдрал мал амьтантай салшгүй холбоотой. Нүүдэлчин соёл бидний генд бий” гэжээ.

Гэвч цаг уурын өөрчлөлт, газрын буруу зохицуулалт нь Монголын бэлчээрийг сүйтгэж байна. Тус улсын газар нутгийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн. Мөн олон зуун мянган малчид малаа хаяж, хот руу нүүжээ.

НҮБ-ээс мэдээлснээр далайд гарцгүй Монголд 1940 оноос хойш дундаж температур 2.2 цельс градусаар нэмэгдсэн. Энэ нь дэлхийн температурын дундаж өсөлтөөс илүү үзүүлэлт юм. Дээрээс нь жилд орох борооны хэмжээ буурсан байна.

Үүний улмаас хуурай зуныг даган тэсгим хүйтэн өвөл өнгөрөх болжээ. Тийм хүйтэн өвөл зуд болдог. Ганзоригийн хэлж буйгаар бол өмнө нь арван жилд ганц хоёр удаа зуд болдог байсан бол одоо бараг жил болгон зуд тохиож байгаа аж. Тэр өнгөрсөн дөрвөн өвөл бүгд хэцүүхэн өнгөрсөн гэдгийг онцлов.

Зун бага бороо орно гэдэг нь тал газруудад өвс бага ургана гэсэн үг. Ингэснээр мал амьтад өвлийн тарга тэвээрэг сайн авахад хүндрэл учирна. Бороо орох үедээ гэнэт хүчтэй аадар бууж хөрсний өнгөц хэсгийг урсгаж орхидог. Мөн мөндөр, шороон шуурга гэх мэт цаг уурын онц ноцтой үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр л.

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн дарга Л.Баян-Алтай “Цаг уурын өөрчлөлт яг одоо явагдаж байна. Хууль тогтоогчид нэн даруй арга хэмжээ авахгүй бол нүүдэлчин амьдралын хэв маяг устаж үгүй болж, манай улс онцлог шинж байдлаа алдана” гэв.

Цаг уурын өөрчлөлтийн үр дүн Ганзоригийн гэрээ барьсан нутагт илт харагдаж байна. Элсэрхэг хөрсөнд намхан, хэврэгхэн, сийрэг өвс нахиалжээ. Ганзоригийнхоос хэдэн километрийн цаана амьдардаг Н.Жамба бага насныхаа үеийг дурсан ярилаа.

68 настай тэрбээр “Намайг жаахан охин байхад аав ээж хоёр маань намайг өвснөөс хайгаад олдоггүй байсан. Тийм л өндөр өвс ургадаг байсан юм. Бас олон төрлийн зэрлэг цэцэг ургаж, зун их хэмжээний бороо ордог байж билээ. Гэхдээ сүүлийн 10 жилд өвс бараг л ургасангүй” гэсэн юм.

Олон малчидтай адил Жамбын гэр бүл малын тэжээл худалдаж авахын тулд зээл авдаг. Өнгөрсөн өвөл тэд 13 сая төгрөгийн өр тавьж тэжээл худалдан авчээ. Хавар хонь төллөх үеэр хурга зарж зээлээ төлнө гэж бодож байсан ч эцэж турсан хонинуудаас нь цөөхөн хэд нь л төллөсөн байна.

Одоо түүний гэр бүл шинэ зээл өвч хуучин зээлээ дарах талаар ярилцаж байгаа юм. Жамба “Яг л гогцоо шиг. Бидний олсон орлого өр зээлээ дарахад хэзээ ч хүрдэггүй” гэв.

Эцэг эхчүүдийнхээ зовлонг харсан хүүхдүүд малчин болохыг хүсэх нь ховор. Сант сумын ахлах сургуульд сурдаг хүүхдүүд багш, цагдаагийн офицер, эмч болохыг хүсдэгээ ярив, харин малчин биш. 15 настай Э.Ширнэнтуяа “Эрс тэс уур амьсгалтай болохоор малчин байх хэцүү” гэсэн юм.

Гэхдээ цаг уурын өөрчлөлт нь цорын ганц асуудал биш. Бэлчээрийн даац хэтрэх нь бас нэг томоохон тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь 1990-ээд онд ЗХУ нуран унаснаас эхтэй.

Коммунист дэглэмийн үед мал аж ахуйг төр хариуцдаг байсан. Ийм учраас малчид цөөн тооны мал өмчилдөг байсан нь ЗХУ задрахад дууссан юм. Хувийн эзэмшил дээр тавьсан хязгаарлалтууд цуцлагдаж, малын татвар болон бэлчээрийн газрын хуулиуд ч өөрчлөгдсөн байна.

Үүний үр дүнд 20 гаруй сая тоо толгой мал нь 2022 онд 71 сая хүрчээ. Дээрээс нь цөлжилт явагдаж байгаа учир илүү олон тооны мал харьцангуй бага бэлчээрт хуваарилагдана гэсэн үг.

Малын тоо ихсэж, цөлжилт явагдах хооронд ноолуурын үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэх болсон. Ингэснээр Монгол малчид ямаа худалдан авч, үржүүлэх нь ихэсжээ. Ямаа нь хоньтой харьцуулахад өвсийг үндсээр нь зулгааж иддэг тул бэлчээрийн газрыг сүйтгэдэг хор хөнөөлтэй.

Одоо Монгол малчид орлогын хувьд ноолуураас хамааралтай болсон. Жамбын тооцоолсноор гэр бүлийнх нь нийт орлогын 80 хувийг ноос ноолуур бүрдүүлдэг байна. Ийм учраас санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулъя гэвэл нэмж ямаа худалдаж авахаас өөр аргагүй. “Өөр арга байхгүй. Учир нь махны зах зээл гэж үгүй” гэв.

Нөхцөл байдлыг улам дордуулж байгаа зүйл нь маш өндөр тоо толгой бүхий малын сүргүүд. Монгол малчдын 80 гаруй хувь нь 500 хүрэхгүй тооны малтай. Тэдний мал Монголын малын тоо толгойны 45 хувийг л бүрдүүлдэг. Харин хамгийн чинээлэг малчид буюу 20 хувь нь нийт малын тоо толгойны 55 хувийг эзэмшдэг байна.

“Steppe and Hoof” малчдыг дэмжих байгууллагын захирал О.Нямтайван “Миний харж байгаагаар Засгийн газар хангалттай ажил хийхгүй байгаа. Бид цаг уурыг удирдаж чадахгүй ч гэсэн цаг уурын өөрчлөлтийн нөлөөтэй тэмцэх бодлого боловсруулж болно” гэсэн юм.

Хамгийн гол нь Монгол Улсад бэлчээрийн менежментийн тухай хууль тогтоомж дутмаг байгаа явдал. Одоогоор хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Хамгийн сүүлд дэвшүүлсэн хуулийг УИХ тун удахгүй хэлэлцэнэ.

Бэлчээрийн хуулийг малчид дэмжих нь ховор тул УИХ-ын гишүүд тэдний саналыг алдахаас эмээдэг. Энэ нь шийдвэр гаргалтад нөлөөлөх нэг хүчин зүйл болж өгдөг байна.

Бэлчээр ашиглагчдын үндэсний холбооны тэргүүн Д.Бурмаа “Энэ бол УИХ-ын гишүүдийн хувьд том асуудал. Малчид нэгдэхээрээ хүчтэй дуу хоолойтой, тэднийг хэн ч дийлж чадахгүй” гэжээ.

Одоогийн байдлаар Монголын малчид малаа хаана ч байршуулж болно. Шинээр дэвшүүлсэн хуулийн дор малчдад нутгийн бэлчээрийг эзэмших эрхийг олгон, гаднаас мал бэлчээхийг зогсоох боломжийг олгоно. Онолын хувьд энэ хууль нь бэлчээрийн өвс нөхөн сэргэх цаг хугацаа өгөх юм.

“Steppe and Hoof” болон Бэлчээр ашиглагчдын үндэсний холбоо малын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд хиймэл үржүүлэг, орчин үеийн мал эмнэлгийн аргыг ашиглахыг дэмжиж буй. Ингэснээр малчид орлогоо алдалгүйгээр малынхаа тоо толгойг бууруулах боломжтой гэж Бурмаа хэлэв.

Нөгөө талд олон тооны хүмүүс Зөвлөлтийн үеийн нурж унахад ойртсон барилгууд, орон сууцны хорооллууд, цахилгаан станц болон түгжрэлд автсан Улаанбаатар луу нүүн суурьшиж байна.

Нүүн суурьшсан хүмүүсийн ихэнх нь хотын захад, ариун цэврийн шаардлага хангаагүй, үйлчилгээний хүртээмж муутай гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын оршин суугчид өвөл дулаацахын тулд нүүрс түлнэ.

Нүүрсний утаа нь уул нуруудаар хүрээлэгдсэн Улаанбаатар хотод өтгөн утаа тогтоход хүргэдэг. Үүний улмаас Улаанбаатар дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болжээ.

Хүүхдийг Ивээх Сангийн захирал Баян-Алтай “Хотод аль хэдий нь тогтож суурьшин, хөлөө олсон айлууд бий. Бас хөдөө нутгаас амьдрал босгох гэж ирсэн хүмүүс шинээр суурьшиж байгаа. Ийм учраас тэгш бус байдал нэмэгдсээр. Шилжин суурьшсан хүмүүс наад захын л нийгмийн үйлчилгээ авч чаддаггүй, мөн тэдний хөдөлмөрийг ажил олгогч нар мөлждөг” гэж хэлсэн юм.

2010 онд Монголд зуд болж 8 сая гаруй мал эндсэн. Тэр үед хот руу нүүн суурьших хүмүүсийн томоохон давлагаа үүссэн юм. У.Бартбаатар ч гэсэн 2010 онд нийслэлд ирж амьдрах болжээ. 43 настай Бартбаатар “Манайх 40 адуу, 40 үхэр, 350 орчим ямаа, хоньтой байсан. Тэгтэл гэнэт зуд болж бүгдийг нь аваад одсон” гэж ярив.

Улаанбаатарт амьдрахдаа тэр жижүүр, туслах ажилтан, өргөлтийн жолоочоор ажиллажээ. “Бохирдол л хамгийн муухай нь, ялангуяа өвөл. Шөнө миний уушгиар хүчтэй өвдөж, хар өнгөтэй цэр гардаг” гэж тэр хэлэв.

Бартбаатар бусадтай адилаар хотод хэсэг хугацаанд амьдарч, мөнгө цуглуулан дахин мал дээр гарах төлөвлөгөөтэй байсан ч мөнгө хуримтлуулж чадаагүй юм. Одоо тэр хүүхдүүдээ сургуульд өгсөн учир хотод байх хэрэгтэй.

Гэсэн хэдий ч тэр тал нутгийн цэнгэг агаар, задгай талбайд буцаж очно гэх бүдэг бадаг мөрөөдлөө тээсээр л.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Элдэв Очир
Элдэв Очир
2023-11-16 08:12

Орчуулах ч гэж дээ

Эгэл
Эгэл
2023-11-16 09:19

Гол зүйл м�##�чдаас өөрсдөөс нь хамаарч байгаа,тэнгэрийн хямаргаа цас зуд бороо хур байг�##�ийн үзэгдэл өмнө нь ч байсан ирээдүйд ч байх болно.Тэд мотоцикл унаж архи ууж дэмий сэлгүүцдэгээ болиж өөрийн ахуйгаа аад татаж хөдөлмөрлөх ёстой.М�##�ын хажуугаар хааш хаашаа 10м газар сонгино төмс тарьж ,бас нэг 20м газар хаша�##�ж өвс тарьж эхлэх боломж бол хүн болгонд бий.М�##�аа зарж тэжээл авахын оронд өөрсдөө тари�##�ж болно,яаж хийхээ мэдэхгүй бол интернетээс мэдэж болно,тэнд бүх юм бий бас баг,сумаасаа шаардаж бай тэд м�##�чдад туслах үүрэгтэй. Хэн нэгнээс юм горьдож з�##�хуураад хэвтээд байв�##� юу ч бүтэхгүй

Зочин
Зочин
2023-11-16 23:13
Reply to  Эгэл

М�##�чдад тариа ногоо тарих газар орон нутагт олгодоггүй юмаа.

Зочин
Зочин
2023-11-16 09:21

Энэ жил эрт цас орлоо хэдэн м�##�чид дөн өвлөөр зутарч дуусах нь ээ

Зочин
Зочин
2023-11-16 19:32

Muhuuch tegeed. Nair naadam arhi huuhnees uur yu hiidiin ta nar. Hunii umnuus amdarch bga um shig zugeer

Basca Feiza
Basca Feiza
2023-11-17 06:48

сайн байцгаана уу. ҮНЭН.

Эмээ
Эмээ
2023-11-17 07:17

М�##�чид з�##�хуу болсон. Орой м�##�аа саах цагаан илээ боловсруулах гээд олон юм хийхээ больсон, ааруул гэж бөөн элдэв юм хольсон юм өнлөи онээр хотынхонд зарна. М�##�даа тариа шахна. Сүүннийхээ цөцгийр аваад ус холино. Тэнгэр нь хаяхаас өөр яахав, хөдөлмөрөө хоршоод эрүүл цэвэр хүнс үйлдвэрлээд цөөх м�##�аараа сайхан амьдарч болно л доо. З�##�хуу тэнээд шун�##�тай . Фермемийн м�##� аж ьаохуй ахиу хөгжүүлсэн нь дээр.

Зочин
Зочин
2023-11-17 09:22
Reply to  Эмээ

Монголд бүх хоол хүнс чанарын эрүүл ахуйн бат�##�гаа байхгүй тэнгэрт хадсан үнэтэй хуурч мэхэлсэн хулхидсан гурилдсан луйвар болсон. Хорвоо дэлхийн шившиг болж байгаа.

Дэлээ
Дэлээ
2023-11-20 09:12

Бороо буурсан гэдэг худ шүү! Бага зэрэг нэмэгдсэн хандлагатай байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button