Гадаад мэдээДЭЛХИЙ

Bloomberg: Монгол Улс ногоон энергид шилжихийн тулд 11 тэрбум ам.долларын санхүүжилт хайж байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (UNFCCC) гишүүн орнууд (COP) цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байгаа. “COP28” гэж нэрлэгдэж буй тус уулзалт арван нэгдүгээр сарын 30-нд эхлэн энэ сарын 12-ныг хүртэл явагдана.

Жил бүр болдог ус уулзалтыг “COP1”, “COP2” гэх мэт тоогоор дараалуулж нэрлэдэг. “COP27” буюу өнгөрсөн жилийн уулзалт Египет улсын Шарм Эль Шейх хотноо болсон юм.

Тэгвэл лхагва гарагт /2023.12.06/ “COP28”-т оролцож буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангижруулахын тулд 11 тэрбум ам.долларын ногоон санхүүжүүлэлт хэрэгтэй гэж хэлжээ.

Манай улсын эдийн засаг нүүрс олборлолтоос маш хамааралтай учир ногоон энергид шилжихэд гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Б.Бат-Эрдэнэ “COP28”-ийн уулзалтын үеэр “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө “Бидэнд эхний ээлжид 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцоолж байгаа” хэмээсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг сайжруулах дэлхий дахины хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаар зүтгэж байгаа. Бидний хувьд хоёр талт, олон талт болно олон улсын хамтын ажиллагаа маш чухал” гэсэн байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) гэж юу вэ?

“UNFCCC” нь агаар мандалд хүлэмжийн хийн агууламжийг тогтворжуулах замаар уур амьсгалын тогтолцоонд үзүүлж буй хүний аюултай хөндлөнгийн нөлөөтэй тэмцэхээр 1992 онд үүсгэсэн гэрээ юм.

Анх байгуулах үед тус гэрээнд 152 орон гарын үсэг зурсан. “UNFCCC” нь Талуудын бага хурал (COP) нэртэй гишүүн орнуудын бүрэлдэхүүн бүхий бүлэгтэй. 2022 он гэхэд “COP” нь 198 гишүүн улстай болсон байна.

“COP” бол “UNFCCC”-ийн шийдвэр гаргах дээд байгууллага юм. “COP1” уулзалт 1994 Берлин хотноо болж байсан. Цаг уурын өөрчлөлтийн тухай мэдээ дээр Парисын гэрээ их яригддаг.

Тус гэрээг 2015 онд Парис хотноо болсон “COP21” чуулганаар дэлхийн 198 орнууд баталсан байдаг. Гол зорилго нь дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрлэлийн эрин эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 2 градусаас нэмэгдэхгүй хэмжээнд барих юм.

Монгол цаг уурын өөрчлөлтөд эмзэг улсуудын нэг

Монгол Улсад хөрсний доройтол, бэлчээрийн даац хэтэрснээс болж цөлжилтийн асуудал тулгараад байгаа. 2018 онд “UNFCCC” гаргасан тайлангаас харвал Монголд агаарын температур 1940 оноос хойш 2.24 градус цельсээр нэмэгджээ.

Энэ нь дэлхийн дунджаас хол давсан үзүүлэлт юм. Мөн жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувиар буурсан гэж тус тайланд бичсэн байна. Мөн Монгол Улсын газар нутгийн 90 хувь нь цөлжилтөд өртөх аюул тулгарсан.

Ийм учраас Монгол Улс 2030 он гэхэд нийт цахилгаан үйлдвэрлэлийн 30 хувийг ус, нар, салхины энергиэс гаргаж авах амлалт өгсөн юм. Б.Бат-Эрдэнэ хэрвээ бүтээн байгуулалтын үе шатандаа явж буй томоохон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг тооцвол энэ тоог 27 хувьд хүргэсэн гэж хэлсэн байна.

Мөн цөмийн энерги нүүрстөрөгчийн ялгаруулалт бага учир ногоон энерги рүү шилжихэд туслах боломжтой. Энэ жилийн уулзалтад 20 гаруй орон 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх хүчин чармайлтын хүрээнд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалсан юм.

Тэдгээр 20 улсын нэг нь Монгол. Тус уулзалтын үеэр ОХУ-ын “Русатом Энержи Прожектс” болон Монголын “Мон-Атом” компани Монголд бага хүчин чадалтай атомын цахилгаан станц барих талаар хэлэлцжээ.

АНУ-ын цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри "Бид цөмийн эрчим хүч бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн орлуулна гэж хэлээгүй. Харин цөмийн энерги ашиглалгүйгээр 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх боломжгүй гэдгийг шинжлэх ухаан, бодит байдал, баримт нотолгоо харуулж байгаа учраас үүнийг батлалаа" гэж хэлжээ.

 “COP28”-ийн эхлэлд чинээлэг орнууд цаг уурын өөрчлөлтөөс болж хөгжлийн хувьд буурай улсуудад үүссэн хохиролд нөхөн төлбөр өгөх сан үүсгэсэн. Одоогийн байдлаар улс орнууд 700 сая ам.долларыг тус санд хандивлахаа мэдэгдээд байгаа юм.

Чуулганыг зохион байгуулагч Арабын Нэгдсэн Эмират 100 сая ам.доллар, Герман мөн 100 сая ам.доллар, Итали болон Франц хоёулаа 108 сая доллар амласан. Харин АНУ одоогоор 17.5 сая ам.доллар, Япон 10 сая ам.доллар өгөхөө амласан байна.

Б.Бат-Эрдэнэ Монгол Улс ч гэсэн цаг уурын өөрчлөлтөөс болж хохирч буй орнуудын нэг хэмээж нөхөн олговор авах механизмыг илүү олон сонголттой болгохыг уриалжээ.

Тэрбээр Монгол Улс үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа нөхөн олговрын сангаас тусламж авах боломжтой болсон ч гэсэн тус сан төдийлөн дэмжлэг үзүүлнэ гэж бодохгүй байгаагаа “Bloomberg”-т хэлсэн байна.

Б.Бат-Эрдэнэ алдагдал, хохиролд туслах сангийн шалгуур хэт өндөр мөн санхүүжилт хүргэх хугацаа удаан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. “Bloomberg” түүнээс “COP28” уулзалтыг хэрхэн дүгнэж байгаа талаар асуухад чуулганыг өлсөж буйд нь талх, цангаж буйд нь ус өгөх талаар байж болохгүй хэмээжээ.

Эх сурвалж: Bloomberg, Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-08 12:13

Яанаа бас нүүрсдээд б�##�арч мэлэх вий. Нэг цүнхчингээрээ туг тахиад л савангийн дуурийн дараагийн анги

Зочин
Зочин
2023-12-09 00:07

Манайд ямарч хөрөнгө оруул�##�т бмтгий өгөөсэй вм болохоосоо болохгүй нь их

Холбоотой мэдээ

Back to top button