Нийгэм мэдээ

Инфлүүнсрүүд пэйжээ бүртгүүлээгүй сонгуулийн сурталчилгаа хийвэл 10-100 саяар торгоно

2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилд улсын төсвөөс 72.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нам, эвслийн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног байх бөгөөд 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс зургадугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 29-ний лхагва гарагт товлосон билээ.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр хоёр хуудастай сонин, хоёр хуудастай сэтгүүл, нэг хуудастай ухуулга хуудас тараах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Дээр дурдсан хэвлэмэл материалаас гадна нийгмийн сүлжээ буюу цахим хуудсаараа сурталчилгаа явуулах бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-нд бүртгүүлнэ.

Ингэхдээ нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас, цахим орчин дахь пэйж, бусад гэсэн ангилалтай байна.

Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ болон бусад гэдэгт сошиал орчинд олон дагагчтай олны танил, инфлүүнсрүүдийн /нөлөөлөгч/ хөтлөн явуулдаг пэйж хуудас, цахим сувгууд багтах аж. Хэрвээ эдгээр хүмүүс хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах бол заавал бүртгүүлнэ гэсэн үг.

Энэхүү шийдвэрийн талаар СЕХ-ны албанаас тодруулахад, "Иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Бүртгүүлээгүй хэрнээ суртал ухуулгын чанартай уриа лоозон хэрэглэсэн тохиолдолд иргэнийг 10 сая, ААН-ийг 100 саяар торгоно. Инфлүүнсэрүүд өөрсдийн цахим хуудсаа бүртгүүлэн сурталчилгаа хийнэ" гэв.

Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах:

  • 47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно
  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
  • 47.1.3.бусад цахим хуудас

47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

Хэрвээ бүртгүүлээгүй цахим сүлжээгээр сурталчилгаа явуулбал тэр даруй сошиал хаягийг нь хязгаарлах арга хэмжээ авч цаашлаад 10-100 сая төгрөгөөр торгууль ногдуулна.

Мөн цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлэхээр заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-11 01:54

manangiin novshnuud ard tumnees ih aij baina daa kkk

Холбоотой мэдээ

Back to top button