Монголд хамгийн анхны “Puppet movie” уран сайхны кино театруудад нээнэ

Монгол Улсын хүүхэлдэйн театрын 2025 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох “Пөөдөө” уран сайхны кино нь 2025 оны дөрөвдүгээр сарын 18-аас 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх кино театруудаар зэрэг нээлтээ хийхээр болжээ.
Бүх насны үзэгчдэд зориулагдсан энэхүү уран бүтээл нь Азид хоёрдах, Монголд хамгийн анхны “Puppet movie” гэдгээрээ онцлог бүтээл юм.
Төслийн санааглагч, Пөөдөө киноны гүйцэтгэх продюсерээр Д.Отгонбаяр болон М.Отгончимэг ажилласан бол зохиолч, ерөнхий найруулагчаар О.Батзориг, биет хүүхэлдэйн найруулагчаар М. Ариунтуяа нар тус тус ажилсан байна. Дүрүүдийн хүүхэлдэйн баримлыг монгол хонины ноосыг ашиглан эсгийг өөрсдөө гарган авч бүтээлдээ ашиглажээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Улсын Хүүхэлдэйн театр хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагавруудын талаарх мэдлэг ойлголтыг өгөх зорилгоор энэхүү киног бүтээжээ.
Т.ӨЛЗИЙМАА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.