Н.Учрал: Х.Баттулга та “Төгрөг нуурын орд минийх гэж баталвал 100 хувь аваарай” гэжээ. Надад 507 хуудас баримт байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Видео дамжуулалтыг үзэх:
Тэрбээр, дараах мэдээлэл өглөө.
"Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн 26,4 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг хуваарилсаар ирсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд 121,500 төгрөгийг олгосон. Хоёр дахь ногдол ашиг хуваарилалтаар 100 мянган төгрөгийг иргэдэд олгосон. Нийт 730 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоод байгаа. 2024 оны ногдол ашгийн сүүлийн олголтыг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн. 1072 хувьцаатай иргэн татварын дараах дүнгээр 93,499 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. ЭТТ ХК-ийн ногдол ашгийн талаарх санал асуулгад 20,088 иргэн саналаа ирүүлээгүй. 615 иргэн тийм, 575 иргэн үгүй гэсэн хариултыг ирүүлсэн. ЭТТ ХК-ийн ТУЗ шийдвэрээ гаргасны дагуу маргаашаас хэрэгжилтийг хангана.
Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт болоод УИХ-ын 2007 оны 27-р тогтоолын 2-р хавсралтад заасан 39 ордын талаарх танилцуулгыг Ц.Туваан сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хийлээ. Миний хувьд Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордуудад санхүүгийн болон хуулийн шинжилгээг ээлж дараатайгаар хийлгэж байна.
Энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг татсан "Төгрөг нуурын орд" дээр санхүүгийн болон хуулийн шинжилгээнүүдийг хийлгэлээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Үндэстэн дамнуулан олон схем үүсгэсэн асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Энэ хугацаанд Х.Баттулгаас надад ямар нэгэн бичиг ирээгүй. Үйлдэл хийгээгүй. Засгийн газарт мэдээлэл ирүүлээгүй. Өчигдөр Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгсөн гэдэг мэдээлэл бий. Төгрөг нуурийн ордтой холбоотой асуудлаа огт хэлээгүй гэж ойлголоо. Хэвлэл мэдээлийн хэрэгслээс авсан мэдээллээр, “Төгрөг нуур надтай хамааралтайг 100 хувь нотолж чадах юм бол аваарай" гэж хэлсэн байна лээ. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотло гэсэн би нотлож байна. Надад хөдөлшгүй нотлох баримтууд байна. Албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. 2006 онд 90 хувийг нь Ядамсүрэнгийн Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан "Сamex" ХХК "Төгрөг нуурын энержи" компанийг 100 хувь эзмшиж байсныг нотлох баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Намуун, төрсөн эгч Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн үргэлжилсэн хэлхээ холбоо үүсгэсээр гадаадын компанид 250 сая ам.доллароор зарсныг Хонг Конгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт мэдээлэл энэ хайрцганд байна. Хонг Конгийн бирж дээрх 507 хуудас мэдээлэл дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно.
Мөн энэ 507 нүүр баримт дотор Сингапурт бүртгэлтэй "Camex PTE LTD" гэдэг охин компанийн дэргэдэх охин компани 2009 оны 4-р сард Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай уул уурхайн лиценз олгож, оронд нь дэд бүтэц барих, орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичгийг энд бий. 2009 онд Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрийнхөө компанитай өөрөө гэрээ байгуулсан. Өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан.
Х.Баттулгын 90 хувийг нь эзэмшдэг "Camex" ХХК Сингапурт бүртгэлтэй "Camex PTE LTD" гэдэг компанид 100 хувь шилжсэн байдаг. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь түүний төрсөн охин Б.Намуун, хамтран олон бизнес эрхлэгч Билли Лимийн Лим Сион нар болохыг Сингапурын улсын бүртгэлийн байгууллагаас авсан дэлгэрэнгүй лавлагаа энэ бор хавтастай материал дотор байна.
2010 онд 250 сая ам.доллароор зарагдсан компанийн хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй компанид 6 жилийн дараа буюу 2016 онд огт үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болохыг ЗГХЭГ-ын даргын хувиар улсын бүртгэлээс албан журмаар авсан. 250 сая ам.доллароор зарагдсан компани Монголд ирэхдээ монгол иргэний нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжсэн. Хувьцаа шилжүүлэх гэрээ энэ материал дотор байна. Гэхдээ Хонг Конгийн бирж дээр бүртгэлтэй 507 хуудас материал дотор энэ компани шилжиж ирэхдээ 200 мянган ам.доллароор зарагдсан гэдэг үг байдаг. " гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хувьсагч, олон хуудас юм ярихаар итгэл төрөхөө больж дээ