Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн

SCMP: Монгол Улс шинэ төмөр замыг баталснаар БНХАУ-ын амбиц ахилаа

Хонконгийн “South China Morning Post” сонин “Монгол Улс шинэ төмөр замыг баталснаар БНХАУ-ын төмөр замын амбиц ахилаа” гарчигтай нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Монгол Улсын Их Хурал БНХАУ-тай хамтран хил дамнасан шинэ төмөр зам барих гэрээг соёрхон баталжээ. Энэ алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын дайн өрнөж буй энэ үед Монгол Улс өмнөд хөрштэйгөө харилцаагаа бэхжүүлэхийг зорьж буйтай холбоотой юм.

Нийт 19.5 км урттай уг төмөр зам нь Монголын БНХАУ руу гаргадаг нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг олгоно. Төслийн хэрэгжилт олон жилийн турш саатсан ч сүүлийн саруудын хугацаанд эрчимжиж эхлээд байна. Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр энэ оны эхээр “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа уг гэрээг “өндөр ач холбогдол бүхий асуудлуудын нэг” хэмээн тодорхойлсон юм. Тэр “Бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлж, 2027 он гэхэд бүрэн дуусгана. Үүнтэй зэрэгцэн хилийн хоёр талд нүүрсний терминалуудын бүтээн байгуулалтыг мөн хугацаанд дуусгана” хэмээсэн.

Энэхүү төсөл нь БНХАУ хөрш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй бүс нутгийг хамарсан төмөр замын сүлжээ байгуулах санаачилгын нэгэн алхам юм. БНХАУ баруун бүс рүү Киргизстан, Узбекистаныг холбох 523 км урттай төмөр зам, өмнөд рүү Вьетнам, Тайландтай холбох хурдны төмөр замын төслүүд дээр ажиллаж байгаа.

Монголтой хамтран явуулж буй төсөл нь Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам нэртэй. Л.Гантөмөр тайлбарласнаас Монголын төмөр замын салбарын хөгжил удааширч, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой ойлголцлын зөрүүнээс шалтгаалан уг төсөл удааширч байжээ. Харин одоо Монгол Улс уг төслийг эн тэргүүний ажлуудын нэг болгон авч үзэж, нүүрсний экспортын чадавхаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд анхаарч эхлэв.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Судалгааны Хүрээлэнгийн зочин судлаач Ч.Сумъяа уг төсөл нь БНХАУ-тай хийх худалдааг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нэг алхам байж болохыг онцлов. Тэр “АНУ-ын дотоодын салбараа хамгаалах бодлого олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүй энэ нөхцөлд хил дамнасан төмөр замын гэрээ нь Монгол Улсын хувьд эдийн засгаа дэмжих стратегийн ач холбогдолтой алхам гэж үзэж болно. Ялангуяа БНХАУ-тай хийж буй худалдааг бэхжүүлэхэд энэ нь чухал нөлөө үзүүлнэ” гэсэн юм.

Албан ёсны статистикаас харвал Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолжээ. Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэнэ. Энэ нь Монгол Улс  эдийн засгийн өсөлтөө зургаан хувиас дээш түвшинд хадгалахад тус болох юм.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл гаргахдаа “Төслийг парламент нэгэн дуугаар дэмжсэн нь уг төслийн стратегийн ач холбогдлыг илтгэнэ” хэмээсэн байна.

Тэрбээр мөн “Энэхүү хамтын төсөл нь экспорт, хөрөнгө оруулалтын үнэ цэнтэй боломжуудыг нээж, Монгол Улсын байгалийн баялгийг эдийн засгийн өсөлтөд чиглэсэн шинэ хөрөнгө оруулалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн юм. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал БНХАУ нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа. 2024 онд Монголын экспортын 91.3 хувь, импортын 40 хувийг БНХАУ бүрдүүлжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button