Ахуйн дөрөв, ой хээрийн нэг түймэр бүртгэгдэж 133 га талбай сүйдлээ
Улсын хэмжээнд ахуйн дөрөв, ой хээрийн нэг түймэр нэг бүртгэгдэж, 133 га талбай сүйдсэн байна. Харин ахуйн гал түймрийн улмаас нэг байшин, нэг автомашин, хоёр амбаар, нэг гэр өртөж шатжээ.
Тодруулбал,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо байшин дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 07:46 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эзэн нь тодорхойгүй 5х6 метрийн хэмжээтэй байшингийн балгас дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “УАЗ 3962” загварын бага багтаамжийн автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Баянхангай амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ийн эзэмшлийн 6х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ын 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Хэнтий аймаг, Дархан сум Шажин 3 дугаар баг “Багабулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс зүүн 50 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр анги, мөн сумын Мэргэжлийн ангийнхан, ухайн орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 133 га талбай өртөж шатсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.