Гадаад

The Guardian: Байгаль орчны Нобел гэгддэг Голдманы шагналыг Монголын ахмад инженер Л.Батмөнх хүртлээ

Энэ жилийн дэлхийн хамгийн нэр хүндтэй байгаль орчны шагналыг хүртэгчдийн нэгээр Монгол Улсын иргэн тодорсон талаар The Guardian онцолжээ.

2025 оны Голдман шагналыг хүртэгчдийн удирдсан олон нийтийн кампанит ажил нь биологийн олон янз байдлын доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэгт хүргэж буй корпорациудын уршиг, улс төрийн авлигын хор хөнөөлтэй тэмцэх хүсэлтэй орон нутгийн идэвхтнүүдийн эрэлхэг зориг, шаргуу байдлыг ийн онцолж байна.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500 мянган га газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад хувь нэмрээ оруулсан, ахмад инженер, байгаль хамгаалагч Лувсандашийн Батмөнх 81 насандаа энэхүү шагналыг хүртсэнээр хамгийн өндөр настай Голдманы шагналтан боллоо.

Тэрбээр нутгийн иргэдийг манлайлан ус, хөрсний нөөц, малчдын амьдралд учрах сөрөг нөлөөг олон нийтэд таниулж, уул уурхайн лицензийн үйл ажиллагааг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн тул энэхүү шагналыг олгожээ. 

Түүнчлэн эрдэмтэн, байгаль орчны боловсролын зүтгэлтэн Семиа Гарби Тунис Улс дахь хог хаягдлын хууль бус наймааг илрүүлж, 40 гаруй хүн, тэр дундаа 26 албан тушаалтан, 16 итали иргэнд холбогдох хэргийг шалгуулж чадсанаар уг шагналыг хүртжээ. 

Мөн далайн амьтдын амьдрах орчныг сүйтгэх эрсдэлтэй байсан Испанийн Фонсолия боомтын төслийг зогсоож чадсан Карлос Мальо Молина, АНУ-ын Нью-Хэмпшир мужийн “Мерримак” хотод үйл ажиллагаа явуулдаг хуванцрын үйлдвэр 20 жилийн турш агаар, хөрс, усыг “PFAS” гэх үүрд хадгалагддаг хорт бодисоор бохирдуулж байсныг илчлэн, үйл ажиллагааг нь зогсоосон байгаль хамгаалагч Лорин Аллен нарыг мөн Голдманы шагналтнаар тодрууллаа.

Европын хамгийн сүүлчийн, чөлөөтэй урсацтай, далан баригдаагүй голуудын нэг Вьосаг хамгаалах хөдөлгөөнийг удирдагч, Албанийн биологич Олси Ника, нийгмийн ажилтан Бесяна Гури нар, Перу Улсын байгаль, соёлын чухал ач холбогдол бүхий Мараньон мөрнийг хамгаалах үүргийг төрд оноох шүүхийн шийдвэр гаргуулж чадсан Мари Лус Канакири Мураяри нар 2025 оны шагналтнаар тодорсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button