"Туулын хурдны зам"-ыг барих өртгийг 400 тэрбумаар нэмж ₮2.3 их наядын тендер зарлалаа

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг 1.9 их наядаар тавих гэж буй талаар бид мэдээлсээр буй.
Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана.
Тус агуулгаар 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
Энэхүү ажлын хүрээнд, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Ингэхдээ,
- Газар шорооны ажил
- Хиймэл байгууламж
- Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
- Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
- Мэдээлэл холбооны төлөвлөлт
- Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
- Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж буй.
Улмаар тендерийн материал хүлээн авах хугацаа дуусаж БНХАУ-ын 3 компани үнийн санал ирүүлсэн. Энэ талаарх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Тухайн тендерт Poly Changda Engineering Co Ltd, Longjian road&bridge Co Ltd, Shandong Luqiao Group Co., Ltd компани үнийн санал ирүүлсэн ч саналыг цуцалсан байна. Иймд 1.9 их наяд төгрөгийн төсөвтэй Туулын хурдны замын тендерийг дахин зарлах болоод хоцорсон.
Гэтэл дахин зарлагдахдаа төсөвт өртөгт өөрчлөлт оруулахаар болчхож. Уг асуудлыг НИТХ хоёр удаагийн хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр болж, эхний хэлэлцүүлгийг өчигдөр буюу /2025-04-16/-нд хийв.
Яагаад өөрчлөлт орох болов.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "НИТХ-ын 2024 оны тогтоолоор дөрвөн эгнээ бүхий 32 километр авто замын зураг, төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 916 тэрбум төгрөгөөр батлагдсан томоохон төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар Туулын хурдны замыг зургаан эгнээ болгох, төвийн хэсгээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөх шийдвэр гаргаж, нийт өртгийг нэг их наяд 965 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Гэтэл Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүслээ. Гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлага үүсэж байна. Уг хоёр шаардлагын дагуу Туулын хурдны зам төслийн зурагт өөрчлөлт оруулж, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжилтнээр хянуулж магадлал хийлгэхэд нийт төсөвт өртөг хоёр их наяд 384 тэрбум төгрөг болж өслөө. Иймд Туулын хурдны зам төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн бариад байна" хэмээж байсан.
Тэгвэл өчигдөр буюу /2025-04-23/-ны өдөр тус тендер дахин зарлагдлаа. Ингэхдээ НИТХ-аар хэлэлцэж байсанчлан төсөв 400 тэрбумаар нэмэгдэж 2.3 их наяд болсон байна.

Уг тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 29-ний өдөр дуусах аж. Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмээд байхад тендерт ш�##�гарахгүй бол дахиад нэмэхүү
НААД ЗАМ ЧИНЬ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ. НЯН БАКТЕРИ ИХ НАЯДААР НЬ ИДЭХ Л АРГА.