Сайд нь эзгүйд, БОУАӨЯ-ныхан "Ажлаа мэдэхгүй", УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Тоо баримт мэдэхгүй" гэж шүүмжлүүлэв

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын өргөн барьсан чоно агнах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан "Ажлаа мэдэхгүй байна" гэх шүүмжлэлийг Б.Бат-Эрдэнэ гишүүнээс хүртэв. Мөн О.Амгаланбаатар гишүүн өргөн барьсан хуультай холбоотой тодорхой тоон мэдээллүүдээ мэдэхгүй шүүмжлүүлэв.
Тэрбээр, "Чоно үг хэлж чадахгүй болохоор л дээрэлхэж байна гэдэг шиг. 13176 чоно сүүлийн дөрвөн жил бүртгэгдсэн, О.Амгаланбаатар гишүүн ээ. Байгаль орчны яамныхан хариуцлагагүй байна. Албан тушаалтнууд нь ажлаа мэдэхгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22-р зүйл дээр урьдчилсан байдлаар тогтоогоод төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөгдөх бүх зохицуулалт орчихсон байгаа. Эрүүгийн хуульд дээр ч орчихсон байгаа. Мал сүргээ хамгаалахаас зорилгоор зохицуулалт хийж байгаа бүх төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Хотонд нь ороод ирэхээр зөвшөөрөл авах гээд гүйж байтал хядчихлаа гэж худал хэлээд байх юм. Хотонд байтугай бэлчээр дээр явж байхад алаад төлбөрөөс чөлөөлөгддөг хэлбэр үйлчилж байгаа" хэмээлээ.
Гэтэл УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь, "Чоныг хөөж, агнах гээд байгаа зүйл биш л дээ. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнавал торгууль төлөхгүй" хэмээн тайлбарлахаас хэтрэхгүй суусан юм.
Харин БОУАӨ-ийн сайд С.Одонтуяаг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сураглаж, "гадагшаа томилолтод явсан чөлөөтэй" гэдгийг тодотгов.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.