"Багахангай-Хөшигийн хөндий"-н төмөр замтай холбоотой 170 тэрбумын төсөвтэй 3 тендер зарлагджээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн баасан гарагт /2025.04.25/ Хөшигийн хөндийд болсон.
Тус нээлтийн үеэр Зам, тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих өртөг нь 840 орчим тэрбум төгрөг. Гадны орноос 20 мянган тонн рес л авна. Өөр гаднаас авах зүйлгүй, бүгд дотоодоос. Нийт хөрөнгө оруулалтын 100 гаруй тэрбум нь Тавантолгой төмөр зам, Монголын төмөр замд байсан хөрөнгөөс гаргана. Энэ мөнгөөр тендер зарлаад ажлаа эхлүүлнэ.
Үлдсэн мөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ. Хөгжлийн банк эхний ээлжид арилжааны системийн таван банкнаас үүрэн зээл авч олгоод оны эцэст энэхүү зээлийг Хөгжлийн банк төлнө. Хангалттай хугацаа байгаа учраас Хөгжлийн банктай бонд босгох замаар зээлээ хаана гэж тооцож байгаа. Цаашдаа төмөр замын тээвэр сайжрах тусам орлого нэмэгдэнэ. Чайна-Энержи энэ жил авах нүүрсээ төмөр замаар авъя гэсэн. Тиймээс төмөр замаараа олсон орлогоороо зээлээ хаагаад явах боломжтой. Хамгийн уртдаа 5-8 жилийн хугацаанд гаргасан зардлаа нөхнө" хэмээсэн байдаг.
Тэгвэл тус төмөр замын төсөлтэй холбоотой зарлагдсан тендерийн мэдээллийг хүргэж байна.
- 80 тэрбумын өртөгтэй Багахангай-хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төмөр бетон гүүр

Уг тендерийг дөрөв хоногийн өмнө буюу /2025-04-24/-ний өдөр зарласан бөгөөд материалыг ирэх сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Төсөвт өртгийг Монголын төмөр зам өөрийн хөрөнгөөр энэ ондоо санхүүжүүлэхээр тусгажээ. Харин тус тендерийн хүрээнд хийгдэх ажил тодорхойгүй, холбогдох бичиг баримтууд нээгдэхгүй байгаа юм.

- 66.5 тэрбум төгрөгөөр Багахангай-хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын газар шорооны ажлын гүн сэтэрхий хийлгэнэ

Тухайн тендерийг энэ сарын 24-ний өдөр зарласан бөгөөд тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл материалаа хүлээн авах юм. Тендерт тусгагдсан өртгийг Монголын төмөр зам өөрийн хөрөнгөөр энэ ондоо санхүүжүүлэхээр тусгажээ. Тус тендерт холбогдох баримт бичиг нээгдэхгүй байгаа юм.
- 24 тэрбумаар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төсөл

Тухайн тендерийг тодруулбал дөрвөн багц 16 км газар шорооны ажил хийлгэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ тендерт тусгагдсан өртгийг Монголын төмөр зам өөрийн хөрөнгөөр энэ ондоо багтаан санхүүжүүлнэ хэмээжээ. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа гурав хоногийн өмнө буюу /2025-04-25/-ны өдөр дууссан боловч оролцох хүсэлтээ нэг ч байгууллага ирүүлээгүй байгаа юм.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.