Г.Ганбаатар: С.Магнайсүрэн та нэлээд магтууллаа, би бол танихгүй. Аудитыг хараат бус болгомоор байна

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн нээлттэй сонсгол болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Аудитын байгууллага төрийн санхүү, төсвийг хараат бусаар хянах ёстой. Түрүүчийн хурал дээр би байр сууриа хэлсэн. Одоо байгаа хуулийнхаа дагуу та орж ирж байна. Гэхдээ аудитын байгууллагыг УИХ дахь цөөнхөөс тавьдаг жишиг бий. Энэ улсад хяналт байхгүй боллоо. Ядаж сөрөг хүчин хяналт тавих учиртай байтал Засгийн газарт хамтарсан. Та өнөөдөр нэлээд магтуулж байна. Би таныг мэдэхгүй. Гэхдээ улс төрөөс хараат бусаар ажиллах боломжоор хангахгүй л бол болохгүй. Ирэх долоо хоногоос хуулийг нь өөрчлөх асуудал оруулж ирж байгаа. Та бол хуулийн хүн юм шиг байна. Өнгөрсөн долоо хоногт ХЭҮК-ын илтгэлийг сонссон. Зөвлөмж тогтоолыг хэрэгжүүлэх гээд ажил хийх гэхээр аудитаас акт тавьдаг гэсэн. Төсөв нь хэдий өнгөрсөн онд батлагддаг ч тогтоол хэрэгжүүлж болдоггүй. Үүн дээр яах вэ. Төр түүхэндээ хамгийн их төсөв тэлсэн үед төрийн хяналт, сахилга батыг та хэрэгжүүлэх нь. Ажиллах хүчний нөөцийн 20 орчим хувь нь ТӨХК байна. Аудитын дүгнэлт муу гарсан байгууллага дээр ер нь хариуцлага тооцсон зүйл байна уу. Нөлөө орохоор аудит чухал ажилладгүйг би мэднэ" гэлээ.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн: Төрийн албаны 2024 оны тайланд хариуцлагын тоо мэдээ бий. Гэмт хэргийн шинж чанартай бол хуулийн байгууллагад шилжүүлдэг. Бусад үед сахилгын шийтгэл ноогдуулах, халах зэргээр хуульчлагдсан. 2024 онд 27 асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Нийслэлийн аудит ажлаа хийсэн байна лээ, хэлэлцэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. ҮАГ гэж бодоход хүнийг хэдэн мянга болгоод ч хүний хүчээр хүрч ажиллахад хэцүү. Иймд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил чухалчлагдаж байгаа.
Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.