ҮХЦ-ийн дүгээр дүгнэлтээр дараа 7 хоногт санал хураах болж, УИХ-ын чуулган өндөрлөлөө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ хэлэлцлээ.
Уншигчдад ойлгомжтой тайлбарлахад, одоогийн хуулиар 10 мандаттай тойрогт сонгогч заавал 10 хүн дугуйлах ёстой. Харин сонгох эрхээ эдэлж буй хүн заавал 10 хүн дугуйлах албагүй. Ганц л хүнийг сонгохыг хүсэж болно. Иймд тус заалт Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-ээс дүгнэжээ.
УИХ-ын гишүүдийн байр суурь хуваагдмал байна. А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, Б.Батбаатар нарын гишүүд “Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал эрсдэл үүснэ. Ганцхан мөнгөтэй хүнийг л дугуйлдаг болно. Тэгэхээр бусад нэр дэвшигчдийн тэгш эрх алдагдана. Аймгаараа талцана. Улс төрийн ашиг сонирхлоо бодвол цэцийн дүгнэлтийг хүлээж авч болох. Гэвч энэ бол үндэстний нэгдмэл байх асуудал” гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал хураалтыг дараа долоо хоногт явуулахаар хойшлуулж, энэ хооронд гишүүдийг нэгдмэл байр суурьд хүрэхийг зөвлөлөө.
УИХ-ын зарим гишүүн дараах байр суурийг илэрхийлж байв.
Д.Энхтүвшин, “Хүчээр хэн нэгнийг санал өгүүлж болохгүй шүү дээ. Нэр дэвшигчид хоорондын зөрчил, намуудын төлөвшил, сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж байх шиг байна. Харин сонголт хийх нь хүний суурь эрх. Энэ заалт бол эрх барьж байгаа юм уу танигдсан намуудад давуу тал олгож байгаа. 2-т тойрог гэхэд 10 мандаттай, МАН 10 хүн, бусад намаас 3-4 хүн нэр дэвшүүлж. УИХ-ын гишүүдийг ҮХЦ-ийн дүгнэлийг хүлээн авч, сонгогчдын хүний сонгох эрхийг хангахыг хүсэж байна”.
Л.Мөнхбаатар, “Цэцийн гишүүн ирж дүгнэлтээ танилцуулдаг. Танилцуулчхаад чуулганы хуралдаанд оролцдог л доо. Энэ удаад алга. Удаа дараа ийм байгаа. Гишүүдийн асуултад хариулахгүй байж болно. Гаргасан шийдвэрийг нь хэлэлцэж байгаа хэлэлцүүлгийг, аргументуудыг сонсож байх ёстой. ҮХЦ-ийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй. Байнгын хороод ийм санал дүгнэлтийг гаргасан. Үндэслэлээ ч тогтоол хэлбэрээр боловсруулан оруулаад ирсэн. ҮХЦ их суудлын хуралдаанаараа үүнийг дахиад хэлэлцэх ёстой. 1993, 2007 онд цэц өөрөө энэ асуудлаар хуралдаж, Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Хоёр удаа. Чөлөөтэй сонгох гэдэг ойлголт дээрээ онолын бөгөөд үзэл баримтлалын маргаан явж байна”.
Ц.Даваасүрэн, “Цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж бодоод байгаа юм. Иргэн хүний сонгох, сонгогдох эрх бол чөлөөтэй. Тэр хүн нэг хүнийг ч сонгосон байж болно. Гэтэл дутуу сонголоо гээд саналын хуудсыг хүчингүй болгох нь Үндсэн хуулийн зөрчил. Нэр дэвшиж байгаа хүмүүс намайг дугуйлаарай, бусад нь хэрэггүй гэдэг байхгүй юу. Ийм эрсдэл л бий. Үүн дээр хатуу хандах ёстой. Харин хүний эрхийг хүндэтгэх ёстой. Хүн татгалзах эрхтэй байх ёстой. Хууль бус үйлдлийн төлөө хүчээр заавал сонго, дугуйл гээд байж болохгүй. Ер нь цаашид цэц дээр нэг юмыг анхаарахгүй бол болохгүй. Цэц Үндсэн хуулийн зөрчилтэй эсэхийг магадалж байгаа. Гэтэл тэнд Үндсэн хууль батлалцсан хүн байхгүй, парламентад олон жил суусан хүн байхгүй. Бид нар ерөөсөө ажлын туршлага гэдэг юмыг ойлгохгүй байна. Залуу л байвал гоё гээд. Өнгөрснөө сайн мэдэж байж одоо цагаа ойлгоно шүү дээ. Цаашид цэцийг бүрдүүлэхдээ, адаглаад 1/3 нь Их хуралд суусан, хэлэлцүүлгүүдийн түүхийг мэддэг хүн байгаасай гэж бодож байгаа. Аа, энэ удаагийн дүгнэлтийг бол би зөв гэж бодож байгаа. Хүний сонголтыг хүчингүй болгож болохгүй. Нэгийг ч дугуйлсан бай тэр бол хүний сонголт”.
Х.Баасанжаргал, “Хуулиар хүний сонгох үндсэн эрхийг хязгаарлах гэж байна. Ингэхдээ зохион байгуулалтын хувьд асуудал гарч магадгүй зэрэг үндэслэлүүд нь хангалтгүй байна. Хоёрдугаарт, түүхчилсэн судалгааг заавал хийдэг. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрч хандах хэрэгтэй болов уу. Улс төрийн шинжлэх ухаан талаасаа болохгүй байна гэдэг судалгаа, баримтууд хараахан ирээгүй байна. Иймд энэ гурван үндэслэлээр цэцийн дүгнэлтийг хүлээн авах ёстой. Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөсний хувьд байр сууриа илэрхийллээ”.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнийг, хэдийг сонгох нь сонгогчдын эрх шүү, цэцийн дүгнэлт маш зөв, дэмжиж байна
Хшш чааваас... МУ-ын бүхий л үйл ажиллагаа ҮХ-иар юу гэж заасан байна түүнд нийцүүлж ажиллах ёстой шүү... МУ-ын иргэний үндсэн эрх ҮХ-ын 16-р зүйлээр баталгаажсан. ҮХ-ын 16.9-д "...сонгох, сонгогдох үндсэн эрхүүд..." заасан. УИХ-ын гишүүд ҮХ-иа уншаач ээ...