БНХАУ, АНУ өнөөдөр Лондонд хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргааны гурван дээд албан тушаалтан өнөөдөр /2025.06.08/ Лондон хотноо БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзана. Тус уулзалт дэлхийн зах зээлийг мухардалд оруулаад буй Бээжин, Вашингтоны худалдааны маргааныг шийдвэрлэх зорилготой.
Тухайлбал АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар хэлэлцээнд оролцох юм. Трамп тус хэлэлцээний талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам бямба гарагт /2025.06.07/ мэдэгдэхдээ шадар сайд Хэ Лифэнь Их Британид ням гарагаас баасан гарагийн хооронд айлчилна гэжээ. Тус яам мэдэгдэл хийхдээ айлчлалын үеэр эдийн засаг, худалдааны зөвлөлдөх механизмыг байгуулна хэмээсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.06.05/ Трамп, Ши Жиньпин хоёр утсаар ярьсан. Тэд тус тусын улсдаа айлчлах болж, албан тушаалтнууд нь хэлэлцэх тохиролцоонд хүрсэн юм. АНУ, БНХАУ хоёр өнгөрсөн сард Женев хотноо хэлэлцэж, гаалийн татварын 115 хувиар бууруулах болсон билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.