Тодруулга: Улаанбурхан өвчний улмаас Сүхбаатарт аймагт дөрвөн сартай хүүхэд энджээ
ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд нас барсан тухай энэ даваа гарагт мэдээлсэн. Нас баралт Төв болон Сүхбаатар аймагт бүртгэгджээ. Үүнийг нэг тохиолдол болох Эрдэнэцагаан сумаас яаралтай тусламжаар ирсэн дөрвөн сартай хүүхэд эндсэн талаар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Энхмаагаас тодрууллаа.
-Эндэгдэл хэзээ гарсан бэ. Хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч амжаагүй гэх мэдээлэл байна?
Анх дөрөвдүгээр сарын 1-нд улаанбурханы шинж тэмдэгтэйгээр Эрдэнэцагаан сумын эмнэлэгт хэвтсэн. Улмаар сумын эмнэлгээс аймгийн хүүхдийн эмчтэй зөвлөлдөж, 2-нд яаралтай тусламжаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Энэ үед халууралт, тууралттай, биеийн байдал хүнд байсан. Бид оношилгоо шинжилгээ хийж, улаанбурхан өвчнөөр батлагдсан. Мөн сорьцоо ХӨСҮТ рүү хүргүүлээд байгаа. Манай халдвартын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хоёр дахь өдрөөс амьсгалын аппаратад орсон. Хүүхэд эцсийн мөч хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад 5-нд нас барсан. Ар гэрийнхэнд нь хүнд байгаа учраас бид мэдээ мэдээлэлд болгоомжтой хандаж байгаа.
-Эрдэнэцагаан сумын айл гэсэн үг үү. Ойрын хавьтлуудыг оношилгоо, шинжилгээнд хамруулсан уу?
-Эндсэн хүүхэд Ховд аймгийн харъяат. Энэ оны эхээр Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Налайх дүүргийн ЭМТ-д хэвтэн өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан юм билээ. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 24-нд ЭХЭМҮТ-д яаралтай тусламжаар үзүүлэн уушгины хатгалгаагаар оношлогдож эмийн эмчилгээ хийлгэсэн өвчний түүхтэй. Эрдэнэцагаанд суманд 26-нд ирсэн, 28-31нд өдрөөр үзүүлж эчмилгээ үйлчилгээ авсан. Ойрын хавьтал болох найман сартай хүүхэд яг одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд ирсэн, сайжирч байгаа.
-Танай аймагт улаанбурхан өвчний тархалт хэр байгаа вэ. Он гарсаар хэдэн тохиолдол батлагдсан бэ?
-Он гарсаар гурван батлагдсан тохиолдол гурав бүртгэгдсэн. Эхний тохиолдол хоёрдугаар сард хэвтэн эмчлүүлээд гарсан.
-Урьдчилан сэргийлэх ямар аргах хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нэгдсэн эмнэлгийн тухайд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэдээ чанар тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Сум, өрхийн эмнэлгүүдээ мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд улаанбурханы товлолын болон нөхөн дархлаажуулалт харьцангуй өндөр хувьтай байгаа.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.