Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.
Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.