“Сонгуулийг явуулна, эрх бүхий байгууллага шийдвэр гаргавал зогсооно”

Өнөөдөр /2020.04.09/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Ирэх долоо хоногт хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж Болзошгүй бэлэн байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батална. Үүгээр үүсээд буй онцгой нөхцөлд сонгууль явуулах тодорхой заалтуудыг оруулж өгнө.
Иймд холбогдох судалгаануудыг хийнэ. Саналыг хэрхэн авах вэ, санал авах байрыг нэмж болох уу, иргэдийг нэг дор олноор цугларуулахгүй хэрхэн зохион байгуулах вэ гэхчлэн. Ингээд судалгаандаа үндэслэн өөрсдийн саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль хойшлох эсэх асуудлыг ихэд сонирхож байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Хуулийн дагуу бид сонгуулиа зохион байгуулах үүрэгтэй. Иймээс эрх бүхий байгууллага зогсоох шийдвэр гаргаагүй нөхцөлд бид сонгуулиа явуулна.
Болзошгүй бэлэн байдлын төлөвлөгөөний зардал нь сонгуулийн зардлаас тусдаа. Сонгуулийн зардалд өөрчлөлт орохгүй.
Манай улс сонгуулийг цахим хэлбэрээр явуулах асуудлыг 2012 оноос хойш ярилцаж байгаа. Өнөөдөр дэлхийн томоохон орнууд ч мөн судалж эхэлсэн байна. Цахимаар явуулъя гэвэл эхлээд цахим сонгуулийн тухай хуультай болох хэрэгтэй. Дараа нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Цахим сонгуулийн хороог байгуулах хэрэгтэй.
Хуульд сонгуулийн тов гараагүй бол хойшлуулах боломжтой гэж заасан. Товлогдсон тохиолдол хойшлуулахгүй, зөвхөн зогсоодог” гэлээ.
Х.ЭРХЭС





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.