Д.Лүндээжанцан: Цахим хуралдаанд гишүүд хоцорвол үг хэлэх эрхийг нь хасна
УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад УИХ-ын хуралдааныг хялбаршуулан болон цахимаар явуулах дэгийг баталж байгаа. Дэлхийн олон улс орон чуулган, байнгын хороодынхоо хуралдааныг хойшлуулж байна. Зарим нь онлайн хэлбэрийн хуралдаанд шилжиж байна. Манай улсын хувьд дөрөвдүгээр сарын 06-наас эхэлсэн хаврын чуулган коронавирусийн тархалттай холбоотойгоор бэлэн байдалд шилжсэн онцгой нөхцөл байдалтай давхцаж байна. Тиймээс яаралтайгаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.
Миний бие дөрөвдүгээр сарын 01-нд энэхүү хуулийн төслийг өргөн барьж, УИХ нэн даруй хэлэлцэн баталлаа. Цаашид коронавирустэй холбоотой онцгой нөхцөлд хүндрэлийг даван туулах хуулийн төслүүдийг нэн даруй хэлэлцэх хуулийн нөхцөл бүрдлээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбогдуулж, түүнд нийцүүлэн гаргах хуулиудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан байгаа. Энэ тогтоолын дагуу хуулиудыг хэлэлцэн батлах нөхцөл бүрдэж байна.
76-хан гишүүнтэй парламентын хувьд хэдэн гишүүн тусгаарлагдах юм уу, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм бол энэ парламент ажиллахад хэцүү болно. Тиймээс улс орон эзэнгүй болох аюул байгаа учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ямар ч үед ажиллаж байх нөхцөлийг хангахад энэ дэг чиглэгдсэн.
Хөл хориот өвчний үед онцгой нөхцөл үүссэн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааныг саадгүй явуулах боломж бүрдлээ. Бүх зүйл цахимаар явагдана. Хуралдаан даргалагч, гишүүд, Тамгын газрын ажилтнууд бие биенийхээ дүрсийг хараад чөлөөтэй ярилцахыг уг хуульд заасан. Хуралдаан зохион байгуулахдаа Төрийн ордны танхимуудад хуваагдаж, хуралд оролцох нөхцөлийг зааж өглөө.
Цахим хуралдаанд гишүүд хоцорвол хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх эрхийг нь хасна. Мөн үг хэлэх хугацааг богиносгосон. Асуулт асуух хугацаа хоёр минут, шаардлагатай гэвэл нэг минут нэмэгдэнэ. Үг, санал хэлэх хугацаан гурван минутаас илүүгүй байна. Дээр нь нам, эвслийн бүлгүүд асуулт, саналаа нэгтгээд илэрхийлж болно.
Түүнчлэн хөл хорио тогтоод УИХ Төрийн ордонд хуралдаж чадахгүй бол тохиолдолд байршлын өөрчлөн хуралдаж болно. Кибер аюулгүй байдлыг тагнуулын байгууллага хариуцаж ажиллана. Саналыг цахимаар болон гар өргөж хураана. Харин нууц санал хураалтыг саналын хуудсаар хураана” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.