УЛС ТӨР

Б.Жавхлан: Ноолуурын үнийг 40.000-60.000-д барьж, дээр нь урамшуулал олгоно

Уржигдар /2020.04.29/ Л.Элдэв-Очир, Б.Жавхлан, А.Сүхбат, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Батнасан нарын гишүүд ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, гаргасан санал дүгнэлтээр тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулахаар болсон тухайгаа мэдээлсэн. Эл асуудлаар бид ажлын хэсгийн гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НООЛУУР ХУДАЛДАЖ АВАХ АЖИЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСНИЙ ЭЦЭСТ ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН-

-Нэр бүхий гишүүд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тухай тогтоолын төсөл боловсруулснаа мэдээлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Нэр бүхий, дураараа нэгдсэн гишүүд биш. УИХ-ын даргын үүргийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг л дээ. Тэрнээс биш хэсэг гишүүд сайн дураараа нийлээд хийсэн ажил биш. Одоогоос сар гаруйн өмнө ХХААХҮЯ малчин өрхийн орлогыг хамгаалах, дэмжих зорилгоор зах зээл дэх ноолуурын үнийг малчдад тааламжтайгаар тогтоох зорилгоор Хөгжлийн банкны 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ноолуур худалдан авагч, дотоодын үйлдвэрлэгч нарт зээлдүүлэх замаар олгож, тухайн эх үүсвэрээр малчдаас ХХААХҮЯ-наас гаргасан бодлогын үнээр худалдан авхуулах ажил эхэлсэн. Энэ ажил 14 хоног үргэлжилсний эцэст хүссэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон.

Засгийн газар цар тахлын энэ үед иргэдийнхээ орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалахын тулд маш олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Онож байгаа зүйлүүд ч бий, алдаж байгаа зүйлүүд ч бий. ХХААХҮЯ-наас авч хэрэгжүүлсэн ноолуурын арга хэмжээний зорилго нь зөв байсан боловч хэрэгжилтийн шатандаа бодит амьдрал дээр бууж өгөхгүй байсан. Зах зээлд нэгэнт ийм тодорхойгүй байдал үүссэн учир үүнийг залруулах, үргэлжлүүлэх, ямар арга зам, гарц байгаа вэ гэдгийг судлах чиглэл болгосон. Малчдаа дэмжиж байна гээд үйлдвэрлэгчдээ, үйлдвэрлэгчдээ дэмжиж байна гээд малчдаа хохироохгүй байх шийдэл хэрэгтэй болсон. Иймд УИХ-ын зүгээс ноолуурын асуудлыг судлаад Засгийн газарт өргөн барих ажлын хэсэг байгуулагдсан.

-Үйлдвэрлэгч нарт бодлогын гэрээгээр олгож буй 300 тэрбумын зээлээ зогсоогоод ноолуурын урамшуулал хэлбэрээр олгох 200 тэрбумын ажил эхэлж байгаа юм уу. Эсвэл өмнөхөөсөө тусдаа буюу нийт 500 тэрбум зарцуулагдах юм уу?

-Маш зөв асуулт. Яах аргагүй ийм асуултууд нийгэмд гарч ирж байгаа. Хөгжлийн банкнаас гаргаж байгаа 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь шууд малчдын гар дээр очихгүй. Ноолуурын бизнест оролцдог компаниуд Хөгжлийн банкнаас зээл авах журмаар зээл авч тухайн эх үүсвэрээрээ малчдын ноолуурыг нь худалдаж авах ёстой байв. Гэтэл зээлийн шаардлага хангаж, ноолуур авах компаниуд байгаагүй. Тэгэхээр үйлдвэрлэгчдээр дамжуулан малчдаас ноолуур авах ажил бодит байдал дээр хэрэгжихгүй болж ирж байгаа юм. Улмаар ХХААХҮЯ-наас малчдаас ноолуур авахаар тогтоосон үнэ амьдрал дээр хэрэгжих боломжгүй болсон. Гэхдээ бүр зогсоочхож байгаа юм биш. Болохгүй байна гээд хаячхаж болохгүй. Тэгвэл ноолуурын үнэ улам унах эрсдэлд орно.

Үндсэндээ дотоодын үйлдвэрлэгч нарт найдаад орхичхож болохгүй. Хил хаачихсан энэ үед гадаадын худалдан авагч нар буюу өрсөлдөгчид орж ирэхгүй учир дотоодын үйлдвэрлэгчид хямдаар л авахыг бодно шүү дээ. Үйлдвэрлэгчид хямдхан авахыг, малчид аль болох үнэ хүргэж өгөхийг зорино. Энэ хоёрын дундуур төр орж бодит үнийг нь тогтоох зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Тэгэхээр дараагийн гарц, шийдэл, үргэлжлүүлэх арга хэмжээ юу байж болох вэ гэдгийг төр судалсан. Судалгаа хийхэд дотоодын үйлдвэрлэгчид 40-60 мянган төгрөгөөр ноолуур авах боломжтой гэсэн тооцоо гарч ирсэн. Үнэхээр ингэж чадах юм бол үйлдвэрлэгчдийн авч байгаа ноолуурын кг тутамд малчдад дэмжлэг, урамшуулал болгож 20 мянган төгрөг олгохоор болсон.

Малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах арга хэмжээний үргэлжлэл нь 20 мянган төгрөгийн урамшуулал гэж ойлгож болно. Эхнийхийг нь зогсоогоод, хоёр дахийг нь цоо шинээр эхлүүлж байгаа гэж салгаж ойлгож болохгүй. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах нь оновчтой арга хэмжээ биш гэдэгтэй би санал нийлнэ. Эл арга хэмжээ нь бүтэлгүйтэж, ноолуурын үнэ шалан дээр унах гээд байгаа үед төр зохицуулалт хийхээс өөр аргагүй. Гэхдээ үүнд нэг эрсдэл бий.

-ГАДААДЫН ХУДАЛДАН АВАГЧДЫГ ОРУУЛЖ ИРСНЭЭР НООЛУУРЫН ҮНЭ 40-60 МЯНГАН ТӨГРӨГТ ТОГТОХ БОЛОМЖТОЙ-

-Ямар эрсдэл?

-Зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид малчдаас ноолуур худалдаж авна гээд орхичихож болохгүй. Өрсөлдөгч байхгүй учир үйлдвэрлэгчид малчдаас 40.000-60.000 төгрөгөөр ноолуур авах уу гэдэг нь том асуудал. 40.000-60.000-д хүрэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс өрсөлдөөн бий болгохын тулд гадаадын худалдан авагчид буюу өөр тоглогчдыг оруулж ирэх шаардлага үүсч байгаа. Цар тахлын энэ үед нарийн хяналт, дэг журмын дор ноолуур авах боломж олгож, өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Ингэвэл харин ноолуурын үнэ 40.000-60.000 төгрөгийн хооронд тогтох боломжтой гэж тооцоолж байгаа.

-Ноолуураа гадаадын худалдан авагчдад борлуулсан малчдад ч мөн адил урамшуулал олгох уу. Гадаадын худалдан авагчид буюу ченжүүдийн өмнөөс төр эрсдэл үүрч байгаа хэрэг юм биш үү?

-Төр эрсдэл үүрнэ гэж ойлгож болохгүй. Гадаадын худалдан авагчид орж ирж байж өрсөлдөөн үүсгэж ноолуурын бодит үнэ тогтоно гэдгийг би дахин дахин онцолж байна. Гадны хүнд ноолуураа өгч байна уу, дотоодын үйлдвэрлэгч нарт борлуулж байна уу хамаагүй. Орлого нь малчинд л очиж байгаа. Тиймээс гадаад хүнд ноолуураа зарсан тул урамшуулал өгөхгүй, дэмжлэг үзүүлэхгүй гэсэн ойлголт байхгүй.

-Ерөнхийдөө Ч.Улаан сайдын зуурсан шаврыг халхавчлах зорилгоор энэхүү урамшууллыг гаргаж ирж байгаа гэх хардлага нийгэмд байна л даа?

-Шүүмжлэл гарах нь ойлгомжтой. Янз бүрийн шүүмжлэл гарч л байдаг. Дахин хэлэхэд бодлогын шийдвэрүүд байгаа онож байгаа нь ч бий, онохгүй байгаа нь бий. Байгаа оносонгүй гээд орхиж болохгүй. Залруулах, бодлогын засвар хийх ямар л боломж байна хайх хэрэгтэй. Засаад үргэлжлүүлэх хэрэгтэй. Нэг сайд буруу хийчихлээ, яам буруу хийчихлээ гээд бүгдээрээ дагаад унаж болохгүй.

-СОНГУУЛЬД ЗОРИУЛАН БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ЦЭВЭР УЛСТӨРИЙН ШҮҮМЖЛЭЛ-

-Үр хүүдүүдээсээ илүү ямааг илүүд үзлээ гэдэг шүүмжлэл нийгэмд үүсээд байгааг та анзаарсан л байлгүй?

-Тийм биш. Малчдын амжиргааны хамгийн гол эх үүсвэр нь малын түүхий эд, тэр дундаа жилдээ ганц гардаг ноолуур. Иймд ноолуураар нь дамжуулж малчин өрхүүдийн орлогыг дэмжих юм. Нэг малчин өрхийн ард аав ээж, эмээ өвөө, үр хүүхдүүд гээд өчнөөн хүн бий.

-Сонгуульд зориулсан бэлэн мөнгө тараалт явагдах нь дээ гэж ч харж байна?

-Энэ бол цэвэр улстөрийн шүүмжлэл. Цар тахлыг сонгуульд зориулж гаргаагүй биз дээ. Сонгууль дөхөж байна гээд айж суусаар малчдаа хаях уу. Цар тахал гараад эдийн засаг муу байна гэцгээж байгаа. Эдийн засгийн хамгийн суурь капитал хүн өөрөө юм. Бид энэ хэцүү цагт иргэдээ хамгаалах ёстой. Тэгж чадвал эдийн засгаа босгоод ирнэ.

-Нэг айл дунджаар хэдэн төгрөгийн урамшуулал авах тооцоо гаргасан бэ. 1-7 сая төгрөгийн урамшуулал олгогдоно. Мянгат малчид 6-7 сая төгрөгийн урамшуулал авна гэсэн тооцооллууд гараад байгаа. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үүнийг шүүмжлэл гэж бодохгүй байна. Хэн илүү хөдөлмөрлөж байна. Тэр хэмжээгээрээ улсаас дэмжлэг авч байгаа хэрэг. Мал аж ахуй эрхэлж, уламжлалт өв соёлыг тээж яваа ард түмэн. Бид үр хүүхдээрээ дамжуулаад өрхийн орлогыг дэмжиж байна. Өөр олон замаар хувь хүмүүсийн орлогыг хамгаалж яваа. Жилд нэг удаа орлого олдог малчдын гол бүтээгдэхүүнийг дэмжихээс өөр арга байхгүй. Түрүүн хэлсэн. Нэг малчин өрхийн ард өчнөөн ам бүл бий. Ингэж байж цар тахлыг давна.

-100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НООЛУУРАА ЗАРСАН ӨРХҮҮД 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВАХГҮЙ-

-Зүүн гурван аймгаас 100 мянган төгрөгөөр ноолуур авах ажил эхлээд удаагүй байгаа. Ноолуураа тушаасан айлууд 20 мянган төгрөгийн урамшуулал авахгүй гэж ойлгож болох уу?

-Хамрагдахгүй гэж бодож байна. Хамрагдах ёсгүй. 100 мянган төгрөгөөр ноолуур авах ажил зогсчихсон гэж ойлгож болохгүй. ХХААХҮЯ үүнийгээ үргэлжлүүлэх байх. Хаа хүртэл явж чадах нь уу, тэр хүртэл нь явах ёстой. Бодлогын гэрээнд нь хамрагдаад ноолуураа өгчихсөн айл өрхүүд бий. Тэдгээр иргэд ноолуураа хангалттай үнээр өгчихсөн. Ноолуураа өгчхөөд ахиж урамшуулал авна гэж барьцах малчин өрх гарч ирэхгүй байх.

-Урамшуулал хэлбэрээр олгох 200 тэрбумыг улсын төсвөөс гаргахаар тогтчихсон гэсэн. Төсөвт тодотгол хийхгүйгээр энэ мөнгийг гаргах боломж бий юү?

-Үүнийг Засгийн газар, Сангийн яамнаас асуух хэрэгтэй. 200 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах боломжтой гэдгээ Сангийн яамнаас мэдэгдсэн. Энэ шийдвэрийн төслийг бэлтгэхдээ бид тал талын хүмүүсийг оролцуулж байр суурь сонсож, нилээн судалгаа хийсэн.

-Ямартай ч төсөв тодотгох шаардлагагүй байх нь ээ?

-Яг энэ урамшуулалд зориулж төсөв тодотгох шаардлагатай эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Сангийн яам төсөв тодотгох шаардлагүйгээр зохицуулах боломжтой гэж мэдэгдсэн. Хуулийн хүрээнд хийж байгаа гэж найдаж байна.

-ТӨСӨВТ ЯАРАН ТОДОТГОЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ, НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ ХЭЦҮҮДВЭЛ ЯАХ ВЭ-

-Ер нь төсөвт тодотгол хийх үү?

-Өвлөөс хойш төсвийн том тодотгол хийх, хийхгүй байх асуудал яригдаж ирлээ. Төсвийн тодотгол хийхэд амархан. Гэхдээ дэлхий даяар тархсан энэ цар тахал хэдий хүртэл үргэлжлэхийг хэн ч таашгүй. Тэгэхээр төсөвт тодотгол хийх нь эцсийн арга. Бид өнөөдөр яараад төсөвт тодотгол хийчихлээ гэж бодъё. Цаашид байдал улам хүндэрвэл яах вэ. Зун, намар ахиад хийх үү. Тэгэхгүйн тулд Сангийн яам хуулийн хүрээнд зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Шаардлагагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг хойшлуулаад, эхний ээлжинд цар тахлын үед хэрэглэгдэх шаардлагатай хөрөнгө оруулалтууд, худалдан авалтуудыг нэн тэргүүнд тавиад зохицуулалтууд хийж болно. Хуулийн хүрээнд ингэж зохицуулалт хийх бүрэн боломжтой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МалчинЗочин
МалчинЗочин
2020-05-01 09:26

Энэ тэнэгт ноолуур онц хамаагүй. Харин Дарханы замыг яриач. Энэ зам бол энэ м�##�ын хариуцсан ганц ажил ш дээ.

Зочин
Зочин
2020-05-01 11:04

Засгийн газрын хамгийн зөв, ирээдүйгээ харсан шийдвэр болох Тавантолгойн IPO гаргахаасаа татг�##�заад хамгийн буруу, нийгэм болоод намынхаа нэрд х�##�тай ноолуурын үнэтэй зуур�##�даад байх юм даа. Юу ч гэхэв дээ.

зочин
зочин
2020-05-01 11:27

Татварын ,олон ,түмний ,мөнгийг ,зарах амархан, Харин цаашид олох хэцүү. Төсвийн тодотголыг хэд ч хийж болно. Гол нь хуулиа дээдэлнэ гэж гарч ирээд буруу тийшээ явж байна. Нолуурыг харин ч үнэгүй болгож байн

иргэн
иргэн
2020-05-01 11:48

Зайл цаашаа

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-01 12:18

Тэнэг Улаанаар төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсны нь төлөө хариулага тооцож 300 тэрбумыг нь төлүүлээч.Хэдэн тэрбум өөрийн нь болон МАН-ы дансанд орсныг ш�##�гаач.МАН үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр сонгуулийн өмнө төсвийн мөнгө барлаа.

Зочин
Зочин
2020-05-01 22:59

Сонгуулийр тарааж сан�##� худ�##�даж авах гэж байгаа энэ их мөнгөө худ�##� цуурх�##� тараасан улаан болон ийм сан�##� гаргасан этгээдүүдпээс авах хэрэгтэй. Сонгууулийн хороо хууль зөрчиж байгаа МАНАН-ын 2 намын сонгуульд орох эрхийг хасахгүй юм уу??

Иргэн
Иргэн
2020-05-02 10:53

Энэ м�##�ууд унгас ноосоо өөрсдөө хуваагаад дарцгаа. Мөнгөөрөө

Зочин
Зочин
2020-05-02 21:37

40000 дээр урамшууллын 20000 -ыг нэмээд 60000 авах нь. Зах зээлийн журмаараа 100000 болох байсныг засгийн газар ингэж унагасан чухам учир : 1. Дарга нар өөрсдийнхөө компаниудад хямд авах, 2. Зүүн аймгуудад зах зээлээр нь явуулж 100000

Үргэлжлэл
Үргэлжлэл
2020-05-02 21:40
Reply to  Зочин

хүргээд бид нар энд нэр дэвшээгүй бол баруун аймгуудын шиг хямд байх байсан гэж сонгогдох 3. Ийм аргаар нам доторхи "дайснуудаа " дарж авах гэх мэт давхар мэх.

Холбоотой мэдээ

Back to top button