Ч.Баттулга шинэ бүтээлдээ Монголоо багтаажээ

Сүүлийн үед дэгдсэн цар тахлын улмаас дэлхийн улс үндэстний оюун санаа, ахуй соёлд олон зүйлийн өөрчлөлт гарах нь тодорхой боллоо. Даяаршлын хүч суларч, дангааршлын салхи сэвэлзэв.
Иймд бид ч хүүхэд залуустаа эх хэл, соёлоо “зөв” заан сургах нь маш чухал байна. Хүүхэд залуусын эх хэл соёлдоо сөргөөр хандаж байгаа, хараалын бүдүүлэг үг их хэрэглэж байгаа нь тэдний буруу биш. Бид эх хэл, соёлоо заан сургахдаа хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, амьдрах орчны ялгаа, хүсэл сонирхол зэргийг орхигдуулж, бага хугацаанд их мэдлэг олгох гэж муйхарлаж ирсэнтэй холбоотой.
Тухайлбал, саяхан болтол 4 дүгээр ангийн нэгэн сурах бичигт 9-10 настай хүүхдэд “Бод мал маллах”, “Бог мал маллах”, “Бүхэл шүүс тавих” тухай хичээл орж байх жишээтэй. Бод бог маллах, цагаан сараар шүүс /ууц/ тавих нь чухал ч 10 настай хүүхдэд бод мал маллах, бог мал маллах арга ажиллагаа, түүний ялгаа тийм чухал уу. Магадгүй өнөөдрийн моторт тэрэг хөлөглөдөг “малчин” нөхөр ч энэ ялгааг асуувал шалгалтад унаж мэднэ.
Хамгийн чухал нь 4 настай хүүхэд монгол орныхоо тухай, монгол соёл заншлын талаар юу юу мэдвэл зохих, 5 настай хүүхэд юу юу мэдэх ёстойг шинжлэх ухааны үүднээс судлан тогтоох ёстой юм. Харамсалтай нь ийм судалгаа алга, бас энэ ганц нэг хүний хийх ажил биш билээ.

Харин үүнд нэмэр болохуйц нэгэн бүтээл гарсан нь МУИС-ийн багш Чойжанцангийн Баттулгын “Монгол орон судлал” буюу “Монголоо багтаасан” ном юм. Уг бүтээлд Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнээс авхуулаад засаг захиргааны нэгж , хүн ам, монгол орны байгаль цаг агаарын онцлог, байгалийн баялаг, монголчуудын эрхэлдэг аж ахуй, оромж сууц, хувцас хунар, хоол хүнс, тоглоом наадгай, монголчуудын оюуны өв соёл, үндэсний урлагийн гайхамшиг, монголын түүх, шашин, хэл, соёл, боловсрол, ёс заншлын зүйлээс хамгийн гол чухал хэсгийг тунгаан оруулжээ.

Энэ номыг хараад бид “Монголоо хэр мэддэг вэ” гэдэг асуулт яах аргагүй тулгарна. Хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчид, ялангуяа УИХ-д нэр дэвшиж буй энэ олон хүн монгол орноо хэр сайн мэддэг бол...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.