“Өнгөрсөн жил 2568 иргэн угаартсан. Өрх бүрд агааржуулалтын төхөөрөмж байрлуулна”

Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аян хэрэгжих талаар өнөөдөр /2020.08.19/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг багасгах чиглэлээр наймдугаар сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл нэг сарын аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.
-АЙЛ БҮРД УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛИЙГ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР АЖИЛЛУУЛНА-
Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Энэ жил шинээр хэд хэдэн байршилд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Налайх дүүргийн нийт 17 хороо агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсан. Мөн төвийн зургаан дүүргийн цахилгаан түгээх, үйлдвэрлэхээс бусад 16-100 квт-ийн нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байгаа. Айл бүрд угаарын хийн эрсдэлийг хариуцсан менежер ажиллуулна. Мөн айл өрхүүд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өрөө бүртээ тавьж, батериагаа солих хэрэгтэй. Өрх бүрд агааржуулалтын төхөөрөмж байрлуулна.
-ЭНЭ ЖИЛ ЗУРГААН ҮЙЛДВЭР САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ-
НМХГ: Өнгөрсөн жил нийслэлийн 979 өрхийн 2568 иргэн угаартсан байна. Тэдгээр иргэний 72 хувь энгийн уламжлалт зуухтай, 28 хувь нь нам даралтын зуухтай айл өрхүүд байсан. Энгийн зуухтай айлуудын 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангаагүй, яндан залгаастай, хэт намхан зэрэг зөрчлүүдээс болж угаартах эрсдэл үүссэн болохыг тогтоосон. Энэ жил нийт зургаан үйлдвэр сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.
-ЭНЭ ЖИЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 1000 ГАРУЙ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ ГАРГАХААР БОЛСОН-
Тавантолгой түлш ХХК: Баруун бүсэд дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Мөн зүүн бүсэд хоёр үйлдвэрийн зургаан шугамыг ашиглалтад оруулахаар болсон. Ингэснээр нийт 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хангаж ажиллах юм. Мөн 16-100 квт хүртэл халаалтын зуухтай 1800 аж ахуй нэгж, 100 квт-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуй нэгжийг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтарч гурвалсан гэрээ хийж, шахмал түлш нийлүүлэхээр болсон учир гэрээгээ яаралтай хийх хэрэгтэй байгаа юм. Мөн энэ жил нийт 1000 гаруй борлуулалтын цэг гаргахаар болсон. Тиймээс борлуулалт явуулах сонирхолтой хүмүүс манай байгууллагад хандаж болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.