ДАШТ: Т.Болортуул, Л.Алтанцэцэг нар өнөөдөр өрсөлдөнө

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагийн тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, туслах дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр нарын удирдлагад долоон боксчин өрсөлдөнө.

51 кг-д “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, Т.Эрдэнэбаяр нарын шавь, 2016 онд ДАШТ-д V байрт шалгарсан Л.Алтанцэцэг Италийн Камилла Фаддатай, 57 кг-д Азийн аварга Т.Болортуул ДАШТ-ий хүрэл медальт, Австралийн С.Николсонтой өнөөдөр хүч сорино.

54 кг-д ОУХМ Э.Мичидмаа Энэтхэгийн Жамуна Боротой, 69 кг-д УАШТ-ий олон түрүүтэй Э.Эрдэнэтуяа ОХУ-ын Саадат Далгатоватай маргааш, 75 кг-д “Улаанбаатар цом” олон улсын тэмцээний аварга Б.Мягмаржаргал Энэтхэгийн Савеетитэй нөгөөдөр, 60 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун Туркийн С.Калискантай 6-нд, 48 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран Мароккогийн Рабаб Чеддартай 7-нд тоглох хуваарьтай.

Сонирхуулахад, Азийн наадмын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг өнгөрсөн жил ДАШТ-ээс хүртэн, анхдагч болсон.

Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин болсон тэрбээр 2019 оны Монголын хамгийн шилдэг тамирчнаар тодорсон юм.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.