ЦЕГ: Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 85.7 хувь нь нийслэлд, 14.5 нь орон нутагт бүртгэгджээ

“Өвсийг татаж эхэлсэн тэр өдрийг би үзэн ядаж байна. Хэрэв болдогсон бол би амьдралаа шинээр эхлэх юм сан. Даанч цаг хугацааг ухраах боломжгүй нь харамсалтай. Хэрэв би эцэг хүн байсан бол хүүхдэдээ дэмий зүйлд цаг хугацаа зарцуулахаас нь өмнө эртхэн анхааруулах байсан. Надад энэ амьдралаас авах аз жаргал алга. Намайг уучлаарай” гээд дөрвөн жилийн өмнө 19 настай хүү гэрээслэл бичээд амиа хорлосон байдаг.
Талийгаач шиг анх сониучирхан хэрэглэж үзсэнээр хар тамхины хар ангал руу унасан өсвөр үеийнхэн болон залуусын тохиолдол сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар тоогоо нэмж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байгаа нь тодорхой болсон. 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарчээ.
Хар тамхи хэрэглэгчдийн тоонд хүүхдүүд багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэллээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хамгийн сүүлийн судалгаагаар: Хүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судалгаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлголтгүйгээс болсон байх ажээ. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын 7 нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын 4 нь найзуудаа даган дуурайж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлдэг байна. Мөн 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 28 охид, эмэгтэйчүүд холбогджээ.

Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 10-15 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Мөн Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг сануулж байна.
2023 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 85.7 хувь нь нийслэлд үлдсэн 14.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 28 охид эмэгтэйчүүд уг гэмт хэрэгт холбогджээ.
Хар тамхитай холбоотой асуудал хэзээ ч нэг улс үндэстний асуудал байдаггүй гэдэг. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хар тамхины хууль бус нийлүүлэлт нь БНХАУ, ОХУ болон Зүүн хойд, өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д 2019 оны байдлаар опиум, амфетамины тархалт ихтэй, зургаан сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй гэх албан бус тоо бий. Ингээд нийтлэлийн төгсгөлд хар тамхины ангал руу ямар ч хяналтгүй “унаж” байгаа залуу үеэ аварч, хараа хяналтаа сайжруулахын тулд иргэн дор бүрнээ мэдлэг, мэдээлэлтэй болж, бусдын нөлөөнд автахгүй байхыг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар тамхины эсрэг хуулын шийтгэл гэх танилцуулах соен гээгуурлэх тгд цагдаад мэдээлвэл мөнгөн шагн�##�тай болгох хэрэгтэй