Амиа алдсан 6 хүний мэдээллийг цагдаагийнх мэт болгож цацсан 2 этгээдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлнэ

Нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэг айлын зургаан хүн угаартан байж болзошгүй байдлаар нас барсан. Эл хэргийн талаар цэргийн албанаасаа чөлөө аван ирсэн тус гэр бүлийн гишүүн О.Одбаяр хэвлэлд мэдээлэл өгснөөр олон нийтийн анхааралд өртсөн.
Тус үйл явдлын дараагаар тухайн гэртээ зуурдаар амиа алдсан гэр бүлийн мэдээллийг Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээлэлтэй төстэй байдлаар олон нийтийн сүлжээнд цацсан байдаг. Уг мэдээлэл нь хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээлэлд багтдаг учир хэн задруулснийг шалгаж эхэлсэн.
Тэгвэл эл хэргийн талаар өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн яамны сайд О.Алтан гэрэл мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ "Хувь хүний нууцын мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээлэл мэтээр бичиж олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулсан хоёр этгээдийг олж тогтоосон. Тухайн хоёр этгээдийн хувьд хоёулаа "иргэн Б" бөгөөд өөр өөр ажил эрхэлдэг хүмүүс байсан. Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын ажиллагаа дуусмагц яллах саналтайгаар прокурорын байгууллага, шүүх байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна" хэмээсэн юм.
Мөн эл хэргийн хохирогч болох нэг гэр бүлийн гишүүдийн нас барсан шалтгааныг шүүх шинжилгээгээр баталгаажуулахаар ажиллаж байна хэмээн тухайн үед яригдаж байв. Нас барсан шалтгаан тодорхой болсон эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Гэхдээ Прокурорын зөвшөөрөлгүй учир олон нийтэд мэдээлэх боломжгүй" хэмээн хариулсан юм.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.