ЭДИЙН ЗАСАГ

Олон улсын байгууллагууд 2027 онд инфляц өндөр хэвээр байхыг сануулсан ч манайхны нэг чихээр нь ч орсонгүй

Азийн хөгжлийн төлөв шинэчилсэн тайланд дурдсанаар манай улсын эдийн засаг 2026 онд 5.7%, 2027 онд 6.0%-иар өсөх төлөвтэй ч инфляц өмнө нь төсөөлж байснаас ихээхэн өндөр буюу 2026 онд 10.7%, 2027 онд 8.3% байх төлөвтэйг Азийн Хөгжлийн банк (АХБ)-наас энэ сарын 23-нд танилцуулсан тайландаа онцолсон.

Олон улсын байгууллагуудын төсөөллөөс манай эдийн засгийн өсөлт болоод инфляц дандаа өндөр байдгийг санахад гэмгүй.

Төсвийг огцом тэлэх бодлого бүхий 2027 оны төсвийн төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой хэдий ч инфляцын дарамтыг мөн нэмэгдүүлж болзошгүйг тэд анхааруулсан. Мөн Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь эдийн засгийг түүхий эдийн үнийн савалгаа болон гадаад эрэлтийн өөрчлөлтөд эмзэг болгож байгааг анхааруулсан шинжээчдийн сануулга манай эрх баригчдын нэг чихээр нь орсонгүй бололтой.

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхий сайд танилцуулгадаа, 2027 оны улсын төсвийн төсөл бол бодлого, шийдлээ бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтөө иргэн, өрхүүддээ хүргэх үндсэн зорилготой тооцоолол гэдгийг онцлоод, хүнээ бодож, амьдралд тулгамдсан асуудлыг онилох, эхлүүлсэн бодлогоо бодит шийдэл болгох, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүлсэн гэдгийг дурдсан.

Харин Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөл нь гадаад зах зээлийн нөлөөлөл, экспорт, импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн, газрын тос, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт болон манай улсын худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан зарим сорилт тулгарч болзошгүйг чуулганы танхимд дахин анхааруулав. 

Азийн хөгжлийн төлөв тайланд дурдсанаар инфляц өмнө нь төсөөлж байснаас ихээхэн өндөр байгаа нь “Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа хэдий ч уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байна. Уул уурхайн орлогыг урт хугацаанд үр өгөөж өгөх хөрөнгө бий болгоход зарцуулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлж, ирээдүйд тохиож болзошгүй цочролыг давж гарах чадварыг бэхжүүлэх нь өнөөгийн тулгамдсан сорилт болж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг дурдсаныг мөн сануулах нь зүйтэй.  

Уул уурхайн салбар эрчимтэй өсч, хөдөө аж ахуйн салбар сэргэсэн нь энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих бол боловсруулах үйлдвэрлэл, худалдааны салбарын идэвхжил сул хэвээр байна. 2027 онд уул уурхайн салбар үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн шинэчлэлүүд хэрэгжиж эхэлснээр өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа төдийгүй татварын хөнгөлөлт, тэтгэврийн шинэчлэл нь өрхийн хэрэглээг нэмэгдүүлэх төлөвтэй. АХБ-ны зүгээс 2026 оны инфляцын төсөөллийг долоодугаар сард тооцсон 7.8%-иас 10.7%, 2027 оны төсөөллийг 6.8%-иас 8.3% болгон тус тус нэмэгдүүлсэн. Үүнд махны үнийн өсөлт, мөн түлш шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрүүд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Оросын Холбооны Улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд доголдол үүссэний зэрэгцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой үнийн дарамт нэмэгдэж буй нь бүс нутгийн түлшний нийлүүлэлтийг хумьж, зардлыг нэмэгдүүлж буй. Түлшний хомсдол удаан үргэлжлэх нь эдийн засгийн үйл ажиллагааг доголдуулж, үнийг улам өсгөж болзошгүй тул дээрх төсөөлөлд нөлөөлөх хамгийн ойрын эрсдэл болж байгааг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлаа зөв үнэлж, асуудалд  бодитой хандах шаардлагатайг шинжээчид сануулсаар.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button