Л.Оюунжаргал: Түймрийн голомттой газруудаар зориуд хур тунадас оруулах хэмжээний үүл өнгөрөхөөргүй байна

Цаг уур орчны шинжилгээний газар, онцгой байдлын газар, цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Нутгийн зүүн хагаст буюу түймэртэй байгаа Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Булган, Сүхбаатарын нутагт хуурайшилт энэ сарын 8, 9-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр байгааг онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 4-нд ихэнх нутгаар салхитай, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим нутгаар 7-12 м/секунд хүрч шороон шуурга хүрэх төлөвтэй байна. Агаарын температур 3-ны өдөр өмнөх өдрүүдээс дулаарна, энэ нь эргээд сэрүүснэ. Харин 6, 7-ны өдөр бага зэрэг сэрүүсэх нөхцөл байдалтай байна. Үүл байхгүй газар бид цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах боломж байдаггүй.
Бид хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа л явуулдаг болохоос цэлмэг тэнгэрээс хур тунадас оруулах технологийн боломж байдаггүй. Дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар түймэртэй нутгаар харьцангуй их хэмжээний үүл өнгөрсөн ч хангалттай хэмжээний услагтай биш, тухайн үед нэлээн салхитай байсан учраас зориудаар хур тунадас оруулж чадаагүй. Бид хур тунадас оруулах үйл ажиллагаа явуулахад бэлэн хүлээж байсан. Ойрын өдрүүдийн ганц боломж нь өнгөрөгч шөнө өнгөрсөн ч харамсалтай нь боломж гараагүй. Ойрын өдрүүдэд ч мөн түймрийн голомттой газруудад зориудаар нөлөөлөх хангалттай хэмжээний услагтай үүл өнгөрөхөөргүй байна. Хуурайшилт нэмэгдсэн үед Монгол орны хэмжээнд 46 экспедиз бэлэн байдалд ажиллаж байдаг юм.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.