Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний шинэ эх үүсвэргүй учраас цахилгааны үнийг нэмсэн

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийг талаар салбарын сайдын мэдээллийг сонслоо. Хуралдааны эхэнд,
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
Монголд эрчим хүчийг бодит өртгөөс доогуур буюу 1 кВт цахилгааны өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-2024 онд 216 төгрөг, айл өрхийн тариф дунджаар 140 төгрөг буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур үнээр тогтоогдож ирсэн.
Үүний улмаас нүүрсний уурхай, нүүрсний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар нийтдээ 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч, хуримтлагдсан богино хугацааны өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрч, түлш эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний хангамж, хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аваар осол гарч болзошгүйн эрсдэл үүссэн. Бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдолд орсон, ажилчдын цалинг банкнаас зээл авч тавихад хүрсэн зэрэг хүндрэлүүд гарч байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж ашиглалтад оруулаагүй учраас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй хязгаарлалт хийх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнээс харгалзан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөг хүрч нэмэгдсэн. Олборлох боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 294 төгрөгөөс 342 төгрөг, бусад үйлдвэрлэлийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр, айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож өөрчлөн нэмэгдүүлсэн".
УИХ-ын гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж, санал хэлж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin aluurchin