Нийгэм мэдээ

Ж.Хатанбаатараас буцаасан авсан "Богд уул" сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно

Нийслэлийн өмч хувьчлах комисс 2025 он дөрөвдүгээр сарын 15-нд хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, "Богд уул" сувиллыг нийслэлийн өмчид буцаан авч байв.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтож, засварын ажлыг ирэх сард эхлүүлэхээр болжээ. Ингэснээр шинээр төрсөн эх, нярай хоёрт төрсний дараах цогц асаргаа, сувилгааг үзүүлэх юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн харьяаны эх, нярайн сэргээн засах төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

Уг сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 39 га газартай. Уг сувиллыг мөн 2014 оноос хойш хууль бусаар ашиглаж ирсэн. Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байсан. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байсан. Гэтэл тус сувиллын барилгын нөхцөл байдал, өнгө үзэмж муудсан байна. Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа учраас ашиглалт үйлчилгээ, арчлалтад анхаараагүй байна" хэмээж байсан билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button