“Зөвшилцөхгүйгээр шатахууны үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана”

Өчигдөр орой 20.00 цагт орчмоос эхлэн шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. АИ92 шатахууны хувьд гэхэд 2500 төгрөгийг даваад байгаа юм. ОХУ-д шатахууны үнэ өссөн мэдээтэй ч дотоодод борлуулах үнийг хамтын хэлэлцээний дүнд тогтоож явдаг.
Тэгвэл энэ асуудлаар АҮЭБЯ-наас мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд, “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг энэ сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн байна. Зарим ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлж байсан.
Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг энэ сарын 5-нд зохион байгуулж, асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон. Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан авто бензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулах болно.
Эдгээр ААН-тэй бүх төрлийн шатахууны өртөг, үнийн асуудлыг багасгах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье” гэжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн хүний амьдрах гэж үүсгэсэн намыг дагаж амьдардаг цаг дууссан. Цахилгаан дулаан, бензин нүүрс, автобусны үнэ чөлөөл. Бодит хөрс дээр амьдармаар байна.
Төр,бизнес хоёр холилдож хутгалдсаныг бэлхнээ илэрхийлэх энэ үйлдлийг шалгаж торгууль тавих ,төрд буй хувийн хэвшилтэй эрхмүүд болон бизнес эрхлэгчдийг төрөөс цэвэрлэх хэрэгтэй
shalgaad yah yum? hogiin heden togrognii torguuli tavina. ter ni nefti importlogch nart bohinii mongo