Монголд анх удаа айлчилж буй Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өчигдөр /2025.05.25/ Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм. Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.
Харин өнөөдөр /2025.05.26/ Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авах ёслол төв талбайд болно.
Ингээд энэхүү айлчлалтай холбоотойгоор Автри Улсын талаарх зарим мэдээллийг хүргэе.
-Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер беллений танилцуулга-
Бүгд найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер беллен нь 1944 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Австри Улсын Вена хотод төрж, Тирол мужид өссөн.
Боловсрол:
- 1950 – 1962 Инсбрук хотод бүрэн дунд боловсрол
- 1962 – 1966 Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны бакалавр
- 1967 – 1970 Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны доктор
Ажил эрхэлсэн байдал:
- 1968 – 1975 Инсбрукийн их сургуулийн дэргэдэх Төрийн санхүүгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
- 1972 – 1974 Баруун Берлиний Шинжлэх ухааны төвийн Олон улсын захиргаа, удирдлагын хүрээлэнд судлаач
- 1976 – 1980 Инсбрукийн их сургуульд дэд профессор
- 1977 – 1980 Вена дахь Төрийн удирдлагын академийн зөвлөх
- 1980 – 2009 Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор
- 1990 – 1994 Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд дэд эрхлэгч, тэнхимийн эрхлэгч
- 1994 – 2012 Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн
- 1997 – 2008 Австрийн Ногоон намын хэвлэлийн төлөөлөгч
- 1999 – 2008 Австрийн Үндэсний зөвлөл дэх Ногоон намын бүлгийн дарга
- 2012 – 2015 Вена хотын Төлөөлөгчдийн хурлын гишүүн бөгөөд Хотын зөвлөлийн гишүүн
- 2017.01.26- Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч
Шагнал:
- 2004 онд Бүгд Найрамдах Австри Улсад оруулсан гавьяаны төлөөх Алтан одот их хүндэтгэлийн одон
Гэр бүлийн байдал:
- Гэр бүл, 2 хүүхэдтэй
-Монгол, Австрийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай-
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын чухал механизм болох Эдийн засгийн хамтын ажиллагааны комисс нь хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чухал механизмын нэг. ЗГХК-ын ээлжит 8 дугаар хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Вена хотноо зохион байгуулсан бөгөөд монголын талаас ЦХХХ-ны сайд Н.Учрал, австрийн талаас Хөдөлмөр, эдийн засгийн яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар даргалсан. ЗГХК-ын хуралдаанаар цахим хөгжил, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол суурь нь Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр бөгөөд Австрийн эрүүл мэнд, дэд бүтэц, хүний хөгжлийн чиглэлээр мэргэшсэн компаниуд Монгол Улсад ажилласан туршлагатай. Австрийн Засгийн газар болон эдгээр компаниуд Санхүүгийн хамтын ажиллагааны дараах шатны хэлэлцээрийг байгуулах, мөн олон улсын банк, санхүүгийн байгууллага болон төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслүүдэд оролцохыг эрмэлздэг.
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд “Хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Орлого ба хөрөнгийн татварын тухай” конвенцыг тус тус байгуулсан.
-Монгол, Австрийн түүхийн уялдаа холбоо-
Австрийн газар нутаг дээр VI-IX зууны үед оршин тогтнож байсан Аварын хаант улс нь “Их нүүдлийн үе”-ийн хүрээнд Төв Ази, Монголын нутаг дэвсгэрээс Европ руу нүүдэллэн суурьшсан нүүдэлчин угсаатнуудын байгуулсан улс гэж судлаачид үздэг. Аварчуудын гарал үүсэлд жужан, сяньби, түрэг, тунгус, зүрчид, угор, иран зэрэг олон овог аймаг, угсаатан багтаж байсан хэмээн тайлбарладаг.
Их Монгол Улсын Европ дахь аян дайны үед Бат хаан болон Сүбээдэй баатрын удирдсан Монголын их цэрэг 1241 онд Унгарыг дайлах үеэр Унгарын хаан IV Бела Австрийн зүг зугтаж, Австрийн Гүн II Фридрихээс тусламж эрсэн тухайг ОХУ-ын түүхч, орчуулагч Д.Г.Хрусталев өөрийн “Орос ба Монголын эзлэн түрэмгийлэл” (2015) номондоо дурдсан байдаг. Мөн 1241 оны зун Бат хааны цэргийн бүрэлдэхүүн дэх Байдар, Орда хан нарын цэргүүд Австрийн Нойштадт (Нийслэл Вена хотоос 8 милийн зайд орших) руу довтолж, Австри-Чехийн цэргүүдтэй тулгарч, ухарсан талаар Британийн нэрт түүхч, профессор Дэвид Морган 1991 онд гаргасан “Монголчууд” номдоо тэмдэглэсэн .
Манж Чин улсын үед Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэр шавж судлаачийн хувиар 1892 онд Монголд анх ирж байсан. Тэрээр хожим 1899-1905 оны хооронд хэд хэдэн удаа Монголын газар нутгаар аялж, Монголын угсаатны зүй, бурхны шашин, соёлын өвтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлсийг цуглуулж байсан. Австри дахь Монголын соёлын элч, судлаач, нийгмийн антропологич Мария Катарина Ланг нь 2017 онд Хаанс Лэдэрийн аялал, судалгааны ажлыг үндэслэн Богд Хааны ордон музейд тусгай үзэсгэлэн гаргаж байсан болно.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн Вена хотын Graben гудамжаар �##�хаад л Hofburg дэх ордон руугаа явж байдаг их энгийн хүн