Нэг дороос | Танилц: Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белле энэ сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байгааг Eguur news агентлаг нэг дороос агуулгаар бэлтгэн хүргэж байна.
НЭМЭЛТ: 15.15 цаг
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
1.“МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”
“Монгол Улс, Бүгд Найрамдах Автри Улс хоорондын хамтарсан тунхаглал"-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Талууд НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмууд болон хүний эрх зэрэг олон улсын эрх зүйг дээдлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг бататгах, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдолтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үр дүнтэй хангах, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөөх нийтлэг үүрэг, амлалтаа нотоллоо.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг Австри Улсын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн тууштай бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ тунхаглалаа.
2.“НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ.
3.“ДИПЛОМАТ ПАСПОРТ ЭЗЭМШИГЧДИЙГ ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Хэлэлцээр нь хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, “Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
4.“ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах эрх зүйн орчин бүрдэж, шилжилт хөдөлгөөнийг хууль ёсны дагуу болгох хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
5.“САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”-д
монголын талаас Сангийн сайд Болдын Жавхлан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дууссантай холбоотойгоор дараагийн хэлэлцээр байгуулах эрмэлзлийг бататгалаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтийг эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт зарцуулах чиглэлээр хамтран ажиллана.
6.“ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИ, УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛ, ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи, шилдэг туршлага судлах, нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтарна.
Судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх, тогтвортой эрчим хүчний технологи хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
7.“ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,
Шинэчилсэн хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, салбарын хүний нөөц чадавхажна.
8.“ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 2025-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОТОКОЛ”-д
монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,
Эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлэх бөгөөд хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.
9.“МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ВЕНИЙН ХӨГЖИМ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”-т
монголын талаас Консерваторын захирал Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, австрийн талаас Венийн хөгжим, тайзны урлагийн их сургуулийн ректор Улрике Зих,
Монгол-Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээл, сонгодог хөгжмийн багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулах, австрийн хөгжим судлалын эрдэмтэн судлаачидтай хамтран морин хуур, цуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хэрэгжүүлнэ. Шинэ заах арга зүй, урлан тоглолтын шинэ хандлагуудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
10.“МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИРАН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
монголын талаас “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурлаа.
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, түүхэн баримт, материал, цуглуулгатай харилцан танилцаж, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.
НЭМЭЛТ: 12.50 цаг
-Александр Ван дер Белле: НҮБ-ын энхийг сахиулах байгууллага дахь үйл ажиллагаа тань онцгой үлгэр дуурайл болдог-

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белле үг хэллээ.
Тэрбээр, "Юуны өмнө Монгол Улсад айлчлал хийхийг урьсанд гүн талархал илэрхийлье. Энэ бол Австри улсын Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.
Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг үнэлэхээс гадна 30 гаруй жилийн өмнө ардчилал хуульт ёсыг эрхэмлэн дээдэлсэн замналыг үнэлэн сайшааж буй нотолгоо юм.
Үзэсгэлэнт Монгол Улс нь биднээс алс хол, геополитикийн амаргүй нөхцөл байдалтай ч нийтлэг үзэл санаатай билээ.
Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Зэвсэгт мөргөлдөөн өрнөж, энгийн иргэдэд хохирол зовлон учруулж байна. Европт оршиж буйн хувьд Украины дайн бидний санааг зовоож байна. Аюулгүй байдал болон эрх чөлөө, хүний эрх зэрэг олон чухал тогтолцоонд заналхийлж байна. Үнэт зүйлийг дээдлэн хүндэтгэх, ардчиллын суурь зарчимд тулгуурласан тогтолцоо тууштай оршин тогтнхох баталгаа үгүй бөгөөд асар үнэ цэнтэйг би өөрсдийн түүхээс мэднэ.
Тиймээс өнөөдөр дан ганцаар биш үзэл санаа нэгт анд нөхөдтэйгөө хүч чармайлтаа нэгтгэж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал байна. Хүчээ нэгтгэснээр бид илүү хүчирхэг байж чадна. Нэн тулгамдсан асуудлыг гагцхүү хамтын хүчээр шийдэж чадна.
Эдгээр нь үнэт зүйл аюулгүй байдлаа хамгаалах, худалдааны эргэлтийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зэрэгт бүх талаар хамаатай. Вена хотод төвтэй ЕАБХАБ-ын хүрээнд явуулж буй Монгол Улсын бодлого үйл ажиллагааг онцлон тэмдэглэмээр байна. НҮБ-ын энхийг сахиулах байгууллага дахь идэвхтэй үйл ажиллагаа тань онцгой үлгэр дуурайл болдог.
Бид хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлж байна. Айлчлалын хүрээнд олон чухал хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа нь үүний тод илэрхийлэл юм. Миний бие үүнд маш баяртай байна. Шинжлэх ухаан, соёлын харилцааг ч дурдмаар байна. Идэвхтэй, баялаг харилцаа энэ айлчлалын дүнд улам бэхжинэ. Соёлын салбарын олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа. Ойролцоогоор 800 монгол оюутан Австрид сурч байгаа. Соёл, шинжлэх ухааны салбарын онцлог нь улс орнуудыг улам бүр ойртуулдаг тул энэ чиглэлийн санал санаачилга дэвшүүлэхийг уриалж байна.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихийг бүтээжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, танай улс илүү амжилтад хүрэх арвин нөөцтэй гэдэгт би итгэл төгс байна. Амжилтын замналд нь Австри улс худалдаа, олон улсын харилцаа, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаан гээд бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Бизнесийн том бүрэлдэхүүн ч айлчлалын хүрээнд ирсэн байгаа. Ирэх жилүүдэд бидний хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид бүхнийг найрсаг дотноор хүлээн авч нэн өндөр хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
НЭМЭЛТ: 12.40 цаг
-У.Хүрэлсүх: Хархорум, Хүннү хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавилаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, энд хуран цугласан хэвлэлийн төлөөлөгчид өө, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон арван жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белле Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар мөнх тэнгэрийн манай сайхан оронд төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Төрийн тэргүүн таны энэхүү айлчлал нь Австри Улсын төрийн тэргүүний хийж буй анхны айлчлал бөгөөд манай хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна. Австри Улс нэгэн жарны тэртээ манай улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон өрнөдийн анхдагч улсуудын нэг бөгөөд бидний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчилсан нийтлэг үнэт зүйлсэд суурилан эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улс Австри Улсыг манай улсын гурав дахь хөрш Европ дахь итгэлт түнш гэж үздэг бөгөөд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Энэхүү айлчлалаар Монгол-Австрийн хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийг бататган бэхжүүлж, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцлоо.
Тухайлбал, Монголын талаас Хархорум, Хүннү хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус суваг цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтэц зэрэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах талаар бид санал тавилаа. Бидний яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол-Австрийн хамтарсан тунхаглал гарлаа. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл замын зураглалыг тодорхойлж, хоёр орны хамтыг ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрхзүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, Австри улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах чухал эрхзүйн нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн инноваци, технологи, эрчим хүч, ашигт малтмал, эдийн засгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, дипломат пасппорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдаад байгаа сорилтыг даван туулах асуудлыг шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцоллоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Европын холбооны ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Мөн хүнсний хамгамж, аюулгүй байдал болон "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санал солилцлоо.
Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж ирсэн бөгөөд Австри Улсын Засгийн газраас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хорт хавдрын эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн зэрэг манай улсын эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, хүн ардын эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглийг хүсэж байна" хэмээлээ.
НЭМЭЛТ: 12.30 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар баримт бичигт гарын үсэг зурлаа.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 11.40 цаг
-Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийлээ-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.
Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.
Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор боллоо.
Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо.
ЭХЛЭЛ: 09.30 цаг
-Фото: Австри Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол боллоо-
Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өчигдөр /2025.05.25/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Александр Ван дер Беллен түүний гэргий Дорис Шмидауэр нарыг Төв талбайд угтан авах ёслол боллоо.
Шууд дамжуулалт:
Шууд дамжуулалт болон гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр,
Сэтгүүлч: О.Соёлмаа
Редакциас: П.Урнаа
Бидний өмнө нь бэлтгэн хүргэсэн нийтлэлийг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.