Шунхлай компаниас бусад нь АИ-92 шатахууны үнийг бууруулаагүй, 2590 төгрөг хэвээр байна

Энэ сарын 23-ны шөнө шатахуун худалдаалагч аж ахуй нэгж, компаниудын зүгээс бензин, түлшний үнийг 200 төгрөгөөр гэнэтхэн нэмэгдүүлсэн.
Шатахуун борлуулагч компаниудын зүгээс олон нийтэд үнийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтвортой байсан бензиний үнийг ийн нэг шөнийн дотор, урьдчилан мэдэгдэлгүй 200 төгрөгөөр нэмж, АИ-92 шатахуун 2390 төгрөгөөс 2590 төгрөг болов.
Уг асуудлаар салбарын сайд Ц.Туваан Үнийн зөвлөлийнхөн нефть импортлогч компаниуд үнэ нэмэгдүүлэх эсэх асуудлаар хэлэлцэнэ хэмээн зөвшилцсөнөөсөө буцсан гэсэн юм. Мөн Монголын талаас худалдан авдаг нефтийн үнэ нэмэгдээгүй. Дизель түлш тонн тутамдаа буурсан байхад импортлогч компаниуд валютын ханш өссөн шалтгаанаар үнийг нэмсэн бөгөөд үнийг гэнэтхэн нэмэгдүүлсэн асуудлаар ШӨХТГ-т хандана хэмээн мэдэгдсэн.
Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдтэй уулзаж үнийг буцааж бууруулах асуудлаар хэлэлцэнэ хэмээсэн билээ.
Одоогоор шатахуун импортлогч ганц л аж ахуй нэгж буюу Шунхлай компанийн зүгээс буцааж 200 төгрөгөөр бууруулснаа илэрхийлсэн байна. Монополын эсрэг газар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун худалдаагч аж ахуй нэгжүүдэд шалгалт хийнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Өнөөдрийн байдлаар
- Nes Ойл АИ-92- 2540 төгрөг
- Аргал Ойл, Мон Суль АИ-92 - 2550 төгрөг
- М Ойл, Тэс петролиум, МТ, Петровисийн АИ-92 - 2590 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Даваа гарагт Үнийн зөвлөл хуралдсан боловч одоог хүртэл ямар нэг шийдвэр гараагүй, үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн хэвээр хэрэглэгчдэд хүрсээр байгаа бөгөөд удалгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаашлаад инфляц өсөх нөхцөл хэдийнэ бүрдчихээд байна.
Т.БАТСҮРЭН
Холбоотой мэдээллийг эндээс уншина уу
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.