Чуулган | Цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

2025.05.29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн мэдээллийг Eguur news агентлаг нэг дороос хүргэж байна.
ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН
НЭМЭЛТ: 15.00 цаг
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ хэлэлцлээ.
Улмаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулав.
1.Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байнгын хорооны саналаар тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэснийг тоглоом зохион байгуулах гэж өөрчлөх санал хураалт явуулж 56 гишүүн дэмжлээ.
2. Зохион байгуулах гэмт хэргийн үйлдэлд гэснийг зохион байгуулахад гэж, ашиглуулах замаар дэмжлэг үзүүлсэн гэдгийг ашиглуулсан гэж тус тус өөрчлөх санал хураалт явуулж, 58 гишүүн дэмжлээ.
Эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
- “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцлээ.
НЭМЭЛТ: 14.10 цаг
-"Айл болгоны хашаанд 20кВт-ын нарны хавтан суулгах боломжтой, боломжгүй" гэж маргав-

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "12 их наяд төгрөгийн зээл түгжигдчихээд байна. Томоохон бүтээн байгуулалтын төслүүд чинь графикийн дагуу явж чадахгүй, ажиллах хүчний нөөцгүй хий дэмий төлбөр төлж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Бид эрчим хүчний баялаг нүүрстэй. Таван жилийн хугацаанд 47 сая ам.долларыг авч ашиглана гэж ойлголоо. Хуваарь нь ямар байгаа вэ. Авчхаад ашиглаж чадахгүй байгаа нөөцдөө хураамж төлөөд байгаа шүү дээ. Зарим аймаг дулаангүй зогсох эрсдэлд хүрэх гээд байна. Нэмэлт эх үүсвэр гаргаж одоогийн станцуудыг ажиллуулах тал дээр ямар бодолтой байна вэ.
УИХ-ын гишүүн Г.Очирбат "Үүнийг дэмжихгүй байна. Дандаа өр зээл авдаг ч олигтой хийсэн зүйлгүй. Бодлогоосоо дандаа зөрдөг. Б.Чойжилсүрэн сайдаас 10 асуулт асуусан. Яаманд дээрээ очоод хариулт өгье гэсэн. Ажлаа хийдэггүй та. Зээл авах гэж байвал зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Монгол Улсын айл өрх бүр орлоготой байх бодлого бий. 0.7 га газартай айл өрх бүрийн хашаанд 20кВт-ыг хийх боломжийг олгочихъё. Би танд хэлсэн шүү дээ. 190 мянган яндан бий. 40 мянга нь хэцүүдээд буцаагаад яндан болгосон. Банкууд дээр байгаа 1 их наяд орчим эко зээл хаашаа гарах нь тодорхойгүй хүлээгдэж байна" гэлээ.
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "3 минутын асуулт хариултын горимоор таны асуултад хариулах боломжгүй гэдгээ хэлсэн. Улстөржиж шоудаад яах вэ. Олон нийтэд таалагдах гэж янз бүрийн худал юм ярихаа больё. Таны яриад байгаа айл болгоны хашаанд 20кВт-ын нарны панель суулгаад илүүдлээ төвийн сүлжээ рүү нийлүүлье гэдэг нь ярихад гоё оо. Техникийн хувьд бололцоогүй болчхоод байна. Тийм учраас таныг манай яам руу хүрээд ир үзүүлье гэсэн. Харамсалтай нь сүүлийн үед улстөрийн нөхцөл байдал үүсчихлээ" хэмээн хариуллаа.
Хэлэлцүүлгийн явцад Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах боломжгүй тул хуулийн төсөл хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэв.
ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хийж байна.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 10.40 цаг
-Ж.Дэлгэрсайхан: 2026 онд уул уурхайн салбар хүнд байдалтай байна-

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Бидний хувьд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байх боломжгүй буюу 5 хувиар орж ирсэн. Цаашдаа 2026 он 5.4 хувьтай, 2027-2028 онд 5 хувьтай байна гэж таамагласан. Засгийн газрын тооцооллоос хоёр хувиар доогуур байгааг хэлье. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засагт нөлөөлөх уул уурхайн салбарын эрсдэлийг хөндсөн. Тийм учраас 2026 онд уул уурхайн салбар хүнд байдалтай байна гэж харсан.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Ж.Алдаржавхлан: Ардчилсан нам ЗГ-аас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамдыг татан буулгая-
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ардчилсан нам Засгийн газраас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамдыг татан буулгаад төсвийн зардлаа хэмнэж болохгүй юу. Одоо яамгүй сайдаар юу хийхэв дээ. Хэцүү шүү дээ, тийм биз дээ. Олон Шадар сайдын ч хэрэг байхгүй" хэмээлээ.
ЭХЛЭЛ: 10.20 цаг
-Б.Чойжилсүрэн: ТЭЦ4-ийг 500 тонн цагаар өргөтгөхөөр хөрөнгө оруулагч хайж байна-
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг 2025 он өргөтгөнө гэж тусгасан. Энэ ажил одоогоор эхлээгүй, санхүүжилтийг шийдээгүй гэж ойлгож байна. 2026 оны төлөвлөгөөнд бас орж ирсэнгүй. Үүнд хариулт өгөөч" гэлээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: ТЭЦ4-ийн зуухны хүчин чадлыг 500 тонн цагаар нэмэгдүүлье гэдэг төлөвлөгөө 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан. Хөрөнгө оруулагчдад энэ төслийг санал болгоод явж байна. Он дуусахад одоо долоон сар үлдсэн учир өнөөдөр танд илтгэхэд хэцүү байна. Хүмүүст худал мэдээлэл өгмөөргүй байна. Үргэлжлүүлэн ажиллана" гэж хариулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.