Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын цахилгаан автомашины аваргуудын “дайн” ширүүсэж байна

БНХАУ-ын цахилгаан машины тэргүүлэгч компаниуд хоорондын өрсөлдөөн эрчээ авч байна. “BYD” болон “Great Wall Motor” компанийн хооронд удаан хугацаанд үргэлжилсэн маргаан хурцдав. Маргаанд “Geely” компани нэгдэж “BYD” машинуудаа хэт хямд үнэтэй зарж байна гэж шүүмжилжээ.

Цахилгаан машины аваргуудын маргаан анх 2023 онд эхэлсэн. Тэр жил “Great Wall Motor” компани “BYD”-ийн өндөр борлуулалттай хайбрид загвар нь БНХАУ-ын утаа ялгаруулалтын стандартыг хангахгүй байна гэж шүүмжилж, зохицуулагч байгууллагад мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн сард “Great Wall” компанийн захирал Вэй Жианжүнь компаниуд хооронд үүсээд буй үнийн дайнд санаа зовниж буйгаа илэрхийлснээр уг асуудал дахин олны анхааралд орсон аж. Жианжүнь утааны асуудалтай холбоотой мөрдөн шалгалт одоо ч үргэлжилж байгаа гэжээ.

“BYD” цахилгаан машины салбарт санаа зовж байна гэж Жианжүнь хэлснийг хэтрүүлэгтэй хэмээн үгүйсгэсэн ч утааны асуудал дээр тайлбар хийгээгүй юм. 2023 онд “BYD” мэдэгдэл гаргахдаа автомашинууд нь БНХАУ-ын утааны стандартыг хангадаг гэж мэдэгдэж байв.

Өнгөрсөн бямба гарагт /2025.06.07/ “Geely” компанийн дэд ерөнхийлөгч Виктор Ян Чунцин хотод болсон авто шоуны үеэр “Great Wall”-ыг дэмжиж үг хэлжээ. Түүний хэлснээр бол “Geely” мөн “BYD”-ийн хайбрид машинууд дээр шалгалт явуулж, стандартад хүрдэггүй гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Виктор Ян "Вэй Жианжүнь бол үнэнч, шударга хүн. Манай салбарын “дохио өгөгч” гэж хэлж болно" гэж хэлсэн бичлэгийг Хятадын хэвлэлүүд нийтэлжээ. “Great Wall Motor”-ийн шүүмжилсэн машинууд нь “BYD”-ийн Qin Plus болон Song Plus загварын хайбрид автомашинуудад хэрэглэж буй даралтгүй түлшний савтай холбоотой юм. Тус сав нь даралттай савнаас ялгаатайгаар шингэнийг илүү хурдан ууршуулдаг.

“BYD” компанийн маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн захирал Ли Юнфэй ням гарагт /2025.06.08/ “Weibo” хуудсандаа “Geely”-ийн шүүмжлэлд хариу өгсөн байна. 2021–2023 оны хооронд ашиглаж байсан даралтгүй сав нь тухайн үеийн стандарттай нийцэж байсан гэж тайлбарлаж, хэрэглэгчдийн гомдлын улмаас сүүлд нь сольсон гэдгийг нэмж дурджээ.

Гэсэн ч даваа гарагт /2025.06.09/ Ли Юнфэйн бичлэг “Weibo”-оос устгагдсан байв.  Энэ маргаан нь БНХАУ-ын цахилгаан машины зах зээлд ширүүн өрсөлдөөн ид өрнөж байгаа үед явагдаж байна. “BYD” компани хамгийн хямд загварын машиныхаа үнийг 55.8 мянган юань болгож бууруулснаар бусад машин үйлдвэрлэгчдийн хувьцаа унахад хүргэжээ.

Үүний дараа БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам компаниудад хандаж үнийн дайнаа зогсоо хэмээн уриалсан байна. Мөн зарим автомашины дилерүүд компаниудад хандан борлуулагдаагүй нөөцөө хүчээр шахахаа зогсоохыг шаардсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button