Тойм: Шинэ Ерөнхий сайдтай болсон долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн улс төрийн үйл явдлын тоймлон хүргэж байна.
-МАН-ын Бага хурал дээр юу болов-
Л.Оюун-Эрдэнийг буулгаснаас дөрөв хонгийн дараа МАН УЗ, Бага хурлаа хуралдуулж, шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Г.Занданшатарыг тодруулсан. Бага хурлын үеэр эрх баригч намын 80-аад оныхон Г.Тэмүүлэнг заалнаас нэр дэвшүүлж, ах нараа баггүй сандаргав. Энэ үест хэрэв улс төрд туршлагатай Г.Занданшатараас өөр нэгэн нэр дэвшсэн бол Г.Тэмүүлэнгийн эсрэг унаж ч мэдэх нөхцөл бүрдсэн. Ингэж тэд угаас ялах зорилгогүй зорилгодоо хүрсэн. Харин нөгөө талд хуралд орсон гишүүдийн устыг хурааж, санал хураалтыг хөшигний ард тоолсон зэрэг ардчилсан бус ахмадын эвгүй жудгийг ах нар нь гаргав.
Хурлын маргааш буюу өнгөрөгч долоо хонгийн мягмар гарагт Бага хурал Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тогтоолоо Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.
-АН-ын бүлэг маягладгийн учир юу байв-
Ерөнхийлөгч болон МАН-ынхан Ерөнхий сайдын асуудлыг шуурхайлахаар яарч, тогтоол өргөн барьсан өдөрт нь бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааны товыг зарлав. Ингээд бүлгүүд хуралдаж эхэлсэн. Гэвч удалгүй АН-ын бүлэг “Өнөө орой чуулганаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцвэл хууль зөрчин” хэмээн бүлгээ завсарлуулсан. Энэ зуурт МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад Г.Занданшатарыг 100 хувь дэмжив. Үргэлжлээд ТББХ орж эхэлсэн ч мөн л АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс МАН аргагүйдэж, ирцгүй болсон хуралдаанууд хойшилсон.
АН бүлгийн энэ өдрийн үйлдэл болон Л.Оюун-Эрдэнийг унагасан зэргээс харахад АН бүлэг Засгийн газарт хамтрах мэтийн өөр зорилго, өөр бойкот яваад байх шиг.
Мөн АН-ын бүлэг нөгөөдөр нь чуулганд бүлгээрээ Ерөнхий сайдыг дэмжих эсэхээ хайрцаглах гэж үзсэн байгаа юм. Гэсэн ч гаднаа дургүй мэт хэр нь дотоодоо Г.Занданшатарыг илтэд дэмжиж улайрсан гишүүд бас байснаар саналаа хувьдаа өгөхөөр болсон гэх. Ямартай ч гишүүдийн дийлэнх нь шинэ Ерөнхий сайдаа дэмжихгүй гэдгээ бүлэг дээр илэрхийлснээ эцэст нь чуулганд тус намын долоохон гишүүн эсрэг кноп дарав.
-Г.Занданшатар хэрхэн ажиллах вэ-
АН бүлэг хойшлуулсан Г.Занданшатарын томилгоо пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар орсон.
Магтууштай нь тэр улс төрийн 30 жилийн туршлагаараа 68 гишүүний асуултад гэдийх ч үгүй, бүдрэх ч үгүй хариулаад гарав. Ялангуяа хамгийн том мега төсөл бол “Монгол хүн” гэх мэт хариулт нь түүнийг “гоё” харагдууллаа.
Ер нь Г.Занданшатарын хариултуудын дийлэнх нь маш товч, тодорхой байсан. Шинэ Ерөнхий сайд маань Засгийн газрынхаа бүтцэд цомхотгох хийхгүй зохистой бүтэцтэй ажиллах зорилттой Тэгэхээр илүү орон тоонуудыг цөөлж, дарга сайд нарыг цомхотгоно гэсэн бодит хүлээлт бол тавиад хэрэггүй болж таарлаа.
Мөн тэрбээр Төгрөг нуурын ордыг заавал төрд буцаан авч, хуулийн дагуу шийдвэрлэнэ гээд Г.Занданшатар хэлчихсэн. Энэ бол Халтмаагийн Баттулга гэдэг энэ 126 гишүүнтэй парламентын хамгийн жигтэй хүнийг онилно гэдгээ мэдэгдэж байгаа явдал. Атал Ухаа худаг гэж ганц удаа дуугараагүй нь бүх зүйлийн ард нюанс явагдаж байгааг баталлаа.
Г.Занданшатар найман жил УИХ-ын даргаар ажиллахдаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн өнгөтэй, өөдтэй бүхий л бодлого дээр нь суусан харагддаг. Түүнчлэн ҮАБЗ-ийн эв нэгдлийг ихээхэн хангаж, дундын тоглогч болж явсан. Дундын тоглогчийн үүрэг роль асар чухал. Тэр У.Хүрэлсүхийг ч мэднэ, Л.Оюун-Эрдэнийг ч ойлгоно. Тийм учир одоохондоо намын хагарал талцлыг эвлэрүүлэн тогтоох болов уу гэсэн улс төрийн хүлээлт бас байна.
-Шинэ Засгийн газар-
Ерөнхий сайдыг УИХ томилохоос өмнө шинэ Засгийн газрын прогноз гараад эхэлсэн.
Ерөнхийдөө Б.Батцэцэг, Т.Мөнхсайхан нар Засагтаа үлдэх магадлал өндөр байгаа бол Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан нар гарцаагүй явах сайд нарын нэрсийг тэргүүлж байна. Харин Ч.Номин хамтарсан хариуцлага хүлээн хэмээгээд суудлаа өгөхөө мэдэгдэв.
Үүнээс гадна өнгөрөгч өдрүүдэд зарим сайд нар засагтаа үлдэх шиг ордны дөрвөн гурав, дөрвөн давхар үү гүйлдэж байгаа сонсогдсон. Үр дүнд нь Ж.Энхбаяр, Б.Бямбацогт нар үлдэх тохироогоо хийчихсэн сурагтай. Бүр Батлан хамгаалахын сайд Б.Бямбацогт ЗГХЭГ-ын даргад яригдаж байна. Мөн дараагийн Ерөнхий сайдад хүч үзэж Засагт орох сууриа тавьсан Г.Тэмүүлэнд Сангийн яамаа өгч магадгүй байна.
Шинэ Засгийн тухай энэ мэт яриа хөвөрч байхад нөгөө талд УИХ-д шинээр сонгогдсон залуу гишүүдийн зүгээс тодорхой шаардлагуудыг тавьж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шинэ ЗГ-т жендерийн тэгш байдлыг хангах агуулгаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа хуучин кабинетын сайд нарыг улираан томилохгүй байхыг тус тус шаардсан. Э.Болормаагийн албан бичигт намынх нь 30 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ч багтаж байна. Харин Х.Баасанжаргалын санаачилсан бичигт УИХ-д суудалтай бүх намуудын гишүүд гарын үсэг зурж байгаа аж. Одоогоор 50 гаруй гарын үсэг цуглажээ. Эндээс таван намын бүрэлдэхүүнтэй, 126 гишүүнтэй парламентын бас нэгэн онцлох давуу тал харагдав.
Харин шинэ Ерөнхий сайд бүрэлдэхүүнээ томилохоор яарахгүй байгаа бололтой. Тэрбээр баасан гарагт Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барьж болох байсан ч хойшлуулжээ. Тиймд энэ амралтын өдрүүдэд эрх баригч нам сандал суудлын тохироогоо тухтай боловсруулаад ирэх долоо хоногт бүтцээ оруулж ирэх чигтэй байна.
-Хотын даргыг буулгах марафон-
Ийнхүү улс төрд шинэ, хуучин Ерөнхий сайдын асуудал хөвөрч байхад нийгэмд Хотын дарга Х.Нямбаатарыг унагах марафон ч явж эхэллээ.
Одоогоор ил биш ч сошиалд түүний талаар илтэд турхирсан өнгө аястай мэдээллүүд ар араасаа ундарсаар байна. Х.Нямбаатар луу чиглэсэн акц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцож, үүр цүүрээр алх цохисны маргаашаас эхэлсэн.
Өнгөрөгч даваа гарагт МАН-ын Бага хурал болох үеэр ТҮЦ эрхлэгчид нэлээд ширүүн дүр төрхөөр эсэргүүцэл илэрхийлж, Тусгаар тогтнолын ордны гадна түмпэн, шанага нүдсэн. Хотын орлогч Т.Даваадалайгийн биед ч халдсан.
Нэгэнтээ намжчихсан байсан ТҮЦ эрхлэгчид яагаад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр, очиж очиж МАН-ын байрны гадна гарч ирэв.
Дахиад маргааш нь болсон байнгын хорооны хуралдаан дээр ч зарим байр суурь ил болоод байх шиг анзаарагдаж байна. Төсвийн байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “Та нар коммунист хотын дарга шигээ болсон байна. Яагаад автомашины татвар ингэж огцом нэмэгдэхэд хэн ч дуугарахгүй байгаа юм” зэргээр ярьжээ.
Автомашины татвар аль нэгдүгээр сарын эхээр нэмэгдээд, зургадугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн явж байгаа. Дав.Цогтбаатар өөрөө тухайн цаг үед нь яагаад ярьсангүй вэ.
Энэ бол хөшигний ард яригдаж буй, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг Л.Оюун-Эрдэнийг дагалдуулан огцруулах тухай асуудлын ердөө ил өнгөн тал нь юм.
Хэдийгээр дараагийн Ерөнхий сайдад дэмжигдсэн Г.Занданшатар “Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэнэ” гэж хэлсэн талаар албан бус мэдээлэл явсан ч, энэ бол Бага хурал дээр Нийслэлийн Засаг даргын сандал суудлын яриа хөндөгдсөнийг баталж байгаа хэрэг.
Х.Нямбаатар биеийн хэлэмж, зан авираараа шүүмжлүүлдгээс биш энэ төвөгтэй албан тушаалд томилогдсоноос хойш хийсэн, бүтээснийг нь жагсаавал сайн үнэлгээ авна. “Шар айраг”-ийн Э.Ганхүү бичсэн шиг, Х.Нямбаатар бол Э.Бат-Үүлийн хамт бичигдэх хэмжээний ажилсаг, ажил хэрэгч хотын дарга, менежер болж байгаа.
Тэгээд ч ХЗДХ-ийн сайд хийж явсан, өгсөх, мандах ирээдүйтэй улс төрийн карьераасаа шууд татгалзаж, УИХ-ын гишүүнээсээ больж, хот гэсэн бөөн асуудлын үүр уурхай дээр очно гэдэг хэвийн биш сонголт байсан юм. Нам нь тулгасан учраас л тэр үүнийг дааж авсан.
МАН үеийн хагарал, засаглалын хуваагдал, талцал маргаан, эрх ашиг байж болно. Үүгээр далимдуулж Улаанбаатар хотыг л хорлож болохгүй.
Учир нь бүх утгаараа бүрэн гацаанд орчихсон бүтэц бол Улаанбаатар. Аваръя гэвэл Х.Нямбаатар шиг “хэвийн бус” хүн л хэл амнаас айлгүй зорьсон бодсоноо хийж, зүтгэж, муйхарлаж ажиллахаас аргагүй. Сэхээтэн дүртэнгүүд бол Нийслэлийг авахаас айна. Айлгүй очсон нь Нийслэлд хэрэгжих, Х.Нямбаатарын эхлэлийг нь тавьсан том том төсөл хөтөлбөрүүд дээр эзэн суух хүслээр л цэнэглэгдэнэ.
МАН тулхтай улс төрийн хүчин гэвэл дотоод талцал, маргаандаа Улаанбаатар хотын асуудлыг тусад нь авч үзээсэй.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дангаараа, цомхон бүтэцтэй шинэ сайдаар бүрдүүл