Чуулган: Энэ долоо хоногт хэлэлцэх товтой ч хөндөлгүй орхисон хуулийн төслүүд

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар нийтдээ таван хуулийн төсөл, нэг нэр дэвшигчийн танилцуулга хэлэлцэх байсан. Гэвч үүнээс хоёр төслийг хэлэлцэж, санал хураалтыг дараагийн чуулганд шилжүүлээд хуралдаанаа хаав.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд улс төрд үүссэн нөхцөл байдлаас үүдэж УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа үндсэндээ зогсоон. Энэ хугацаанд хэлэлцэх байсан хуулийн төслүүд байнгын хороонд гацсан. Мөн цаг үеэр далим хийж зарим хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээс шууд эцэслэн батлав.
Тиймд өнгөрсөн гурван долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлуулж, хаягдсан хуулийн төслүүдийг бид өмнө нь нэгтгэн хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Харин одоо энэ долоо хоногт хэлэлцээгүй хуулийн төслүүдийг хүргэе.
Пүрэв гарагт чуулганаар дараах гурван хуулийн төслийг хэлэлцэх байв. Гэвч энэ өдөр шинэ Ерөнхий сайдын томилгоо чуулганаар орсон тул ямар ч төсөл хэлэлцээгүй.
- “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
- Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
Баасан гарагт дараах нэг асуудал, хоёр хуулийн төслийн хэлэлцэх байв. Гэвч чуулганы үдээс өмнөх хуралдаанаар өмнөх өдөр хэлэлцээгүй Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганаа хаасан.
- Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
Ингээд нийт гурван хуулийн төсөл, нэг танилцуулга дахин хойшиллоо.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.