Нэг дороос | УИХ-ын дарга шинэ сайд нарт захиасаа захиж, тангараг өргөх ёслол өндөрлөлөө

Өнөөдөр /2025.06.17/ хамтарсан Засгийн газар байгуулах эсэх асуудал эцэслэгдэнэ. Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг Eguur news агентлаг нэг дороос багцлан хүргэж байна.
НЭМЭЛТ: 00.54 цаг
Сайд нар тангараг өргөж дууслаа.
Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд хандаж,
"Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш иргэдийн итгэлийг хүлээх түүхэн цаг үе. Шинэ сайд, яамдын удирдлагууд хүлээлт өндөр цаг үед томилогдож байна.
Анхааруулах зүйлсийг товч танилцуулъя,
Шадар сайд: Олон тулгуурт эдийн засагтай болох шаардлага бийг нөхцөл байдал сануулж байна. Болохгүй байгаа асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, шийдүүлэх хэрэгтэй. Нэг дээвэр дор, нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна.
ЗГХЭГ-ын дарга: Процессын дахин инженерчлэл хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг сайжруулах, төрийн албаны ажиллах хэв маягийг оновчтой болгоход анхаарна уу.
Сангийн сайд: Хөрөнгө оруулалтын эрэмбийг эргэж харсан, мега төслийг төсөвт дарамт болохгүйгээр хөдөлгөж болох тодотгол оруулж ирэх. Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөндөхгүйгээр урт болон дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тэнцвэрийг хангах. Татварын цогц реформыг иргэд хүсэж байгаа. Төрийн бизнес данхайдаг биш иргэдийн бизнес цэцэглэдэг бодлого хэрэгтэй байна.
АҮЭБ-ийн сайд: Уул уурхайн салбарт ГХО өндөр байлгах чухал байна. Холбогдох хуулиудын шинэтгэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг ажил бий. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх хэрэгтэй байна.
БОУАӨ-ийн сайд: Цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Хуулийн төсөл алга байна. COР17 хурлыг сайтар зохион байгуулж, санхүүжилт татах хэрэгтэй.
Боловсролын сайд: Багш нарын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа муу байна. Орон сууц, эрүүл мэндэд нь чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Сургалтын хөтөлбөрийг цаг үедээ уялдуулан шинэчлэх хэрэгтэй. Боловсролын тэгш бус байдал гаарч байна. Хүртээмжийг тэгшитгэх, цахимжуулах шаардлага хүлээгдэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: Халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч ажиллах ёстой. Холбогдох хуулиудыг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах ёстой. Татвар төлөөгүй шалтгаанаар ААН-үүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Эдгээрт нэн анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: Хиймэл оюунд бэлэн байдлыг олон улсаас үнэлж, таваас гурван оноо өгсөн. Иймд стратеги батлах, хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд анхаараарай гэж хэлье. Тогтолцоог яаралтай бүрдүүлэхгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихэсч, хоцрох эрсдэл бийг анхаарна уу" зэргээр голлох салбаруудыг онцлон тэмдэглэж, үг хэллээ.
Тангараг өргөх ёслол дууссан тул өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.
НЭМЭЛТ: 00:25 цаг
Видео:
30 минутын завсарлагаа дуусаж, УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Завсарлагаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нартаа захирамж гардуулсан. Үргэлжлүүлэн яг одоо шинээр бүрэлдэж буй Монгол Улсын Засгийн газрын сайд нар тангараг өргөж байна.
НЭМЭЛТ: 23.40 цаг
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Улмаар сайд нарыг УИХ-д танилцуулсанд тооцов. Одоо Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нартаа захирамж гардуулна. Үүний дараа сайд нар УИХ-ын чуулганы хуралдаанд, тангараг өргөх юм.
Иймд тангараг өргөх ёслолд бэлтгэх үүднээс УИХ-ын чуулганы хуралдааныг 30 минут завсарлууллаа.
НЭМЭЛТ: 22:10 цаг
Б.Чойжилсүрэн: "ТЭЦ-3"-ыг сэргээн босгох төлөвлөгөөг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна
Видео:
Хуралдаанаар М.Нарантуяа-Нара гишүүн эрчим хүчний салбарын асуудлыг хөндөж, сайдыг нь улираах зөв эсэхийг Ерөнхий сайдаас асуулаа. Харин Ерөнхий сайд хариуцлага хүлээж, алдааг нь засуулахаар дахин томилсон. Мөн эрчим хүчний салбарт эхлүүлсэн томоохон төслүүдээ үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон.
Тэгвэл энэ талаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Б.Чойжилсүрэн:
-“ТЭЦ-3” дээр харамсалтай осол гарч эрдэнэс хүний амь эрсэдсэн. Станцын 9 дүгээр турбин эвдэрч улсад 7.5 тэрбум төгрөгийг хохирол учирсан. Энэ ослын дараа би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа хэлсэн. Харин хууль зүйн хариуцлага хүлээх тал дээр тайлбар хийх зүйл байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Засгийн газрын тогтоол гарч Эрчист Монгол ХХК-ийн эрчим хүчний компаниудын менежментийг хэрэгжүүлж эхэлсэн. Осол гарсны дараа Эрчист Монгол ХХЕ зургаадугаар сарын 4-ны Засгийн газрын хуралдаанд ослын талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа буюу зургаадугаар сарын 10-нд Засгийн газраас тогтоол гаргаж, салбарын ТӨХК-иудыг буцаагаад Эрчим хүчний яаманд шилжүүлсэн. Үүнээс хойш бид осол дээр тагнуул, цагдаатай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсгүүд гарсан.
Бид сэргээн босгох төлөвлөгөөг ирэх долоо хонгийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Эхний ээлжид дулааны асуудлыг шийдэх ёстой. Урьдчилсан байдлаар тооцооллоор 7.4 тэрбумын эвдрэл гарсан. Зуур нь өөрөө гэмтээгүй учраас дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоос нь зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим рүү шилжүүлэх ажлыг эхний ээлжид хийнэ.
НЭМЭЛТ: 21.00 цаг
УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж байна. Чуулганаар Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж байгаа юм.
Хэрэв гишүүдийн олонх Шинэ Засгийн газрыг дэмжвэл өнөөдөр үргэлжлүүлэн сайд нар тангараг өргөнө.
Гэтэл шинэ Засгийн газраа томилох хуралдааны ирц муу байна. Parliament.mn сайтаас ирцийн мэдээлэл харахад 30 гишүүн огт бүртгэгдээгүй. Үүний дөрөв нь томилолт, дөрөв нь чөлөө авсан бол бусад нь тасалсан байна. Мөн бүртгэгдсэн гишүүдийн дийлэнх нь ирцээ өгөөд танхимаа орхин гарчээ.
Одоогоор чуулганы танхимд ИЗНН-ын гишүүдийн дийлэнх, Үндэсний эвслийн бүх гишүүд, ХҮН намын ихэнх гишүүн байхгүй байна. Харин АН-аас 10-аад гишүүн чуулгандаа сууж байна.
Ерөнхийдөө өнөөдрийн нэгдсэн хуралдааны ирцийг нэр дэвшигч сайд нар болон МАН-ын ихэнх гишүүн бүрдүүлж байна
НЭМЭЛТ: 19.30 цаг
Ухнаагийн Отгонбаяр гишүүн ингэж “хэлд оров”

УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын томилж буй сайд нартай танилцан, асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр хоёр асуудлыг хөндөв. Тэрбээр чуулганы хуралдаанд төдийлөн үг хэлдэггүй учир энэ нь анхаарал татав.
У.Отгонбаяр гишүүн “Гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа. Эдийн засаг, улс төрийн цаг агаар салхитай, шуургатай, нэг тааламжгүй байна. Ард иргэд цэнхэр дэлгэцээр харж, сайд нарын хэлж ярьж буйг нэгд нэггүй сонсож байгаа. Олон ЗГ дамнаж, эдийн засгийг төрөлжүүлнэ, солонгоруулна гэж уриа лоозон дэвшүүлсэн. Өнөөдөр энэ ЗГ гаднаа гоё харагдахаас гадна бодит үр дүн л гаргах хэрэгтэй. Нэг зүйлийг тодруулж асууя.
Боомтын асуудал ямар сайдын бөөрөнд очиж байна вэ. Хэн нэг сайдын бөөрөнд очиж хаягдах вий гэдэг үүднээс асууж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажил эхэлчихсэн. Дахиад Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн боомт холбогдох хүлээлттэй. Энэ боомтын асуудал хаана очих вэ?” гэж асуулаа.
Үүнд Ерөнхий сайд Г.Занданшатар “Ер нь Сангийн яаман дээр явж байгаа. Засгийн газрын үрэлдэхүүний тухай хуулийг төсвийн тодотголтой хамт өргөн барихдаа энэ тал дээр шийдэл гаргана. Гишүүдийн саналыг бас харгалзан үзнэ” гэлээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “У.Отгонбаяр гишүүн та өөрөө бас боомтын асуудлаарх ажлын хэсгийг ахалж байгаа. Үүн дээр концепц нь яаж туссан байгаа вэ гэдэг дээр мэдээлэл өгөөч” гэж зөрүүлэн асуутал “Би боомт гэхээсээ илүү бас нэг асуудал яримаар байна” хэмээв.
Улмаар “Барилгачдын холбоо шаардлага тавьж, энэ асуултыг асууж өгөөч гэж хандсан. Монголын барилгачдыг ажилтай орлоготой болгох чиглэлд яаж ажиллах вэ” гэлээ.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын шинэхэн сайд Э.Бат-Амгалан “Төрийн ордны хажууд барилгачид удаан жагсаж байгаа. Тэдний төлөөллийг Нийслэлийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Улмаар “Сэлбэ дэд төв”-ийн дараагийн барилгын төслүүд дээр монгол компаниудыг оруулж, хангана гэсэн” гэлээ.
НЭМЭЛТ: 19.00 цаг
Б.Жавхлан төсөв тодотгох шалтгааныг ЗГ-ын бүтэц өөрчлөгдсөн рүү “чихэв”

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогддог өдрөө л 2025 оны төсвийг тодотгоно гэж мэдэгдсэн.
Харин үүний өмнө, эдийн засаг хүндэрсээр байхад Сангийн сайд Б.Жавхлан удаа дараа “Төсөв тодотгох нөхцөл үүсээгүй, хуулийн шаардлага өөр” хэмээн мэдэгдсээр ирсэн юм.
Өнөөдөр Сангийн сайдаар Б.Жавхлан улиран ажиллахаар болж, УИХ-ын чуулганд танилцуулагдаж байна.
Энэ үеэр Б.Жавхлан төсөв тодотгох болсон үндэслэлийг ердөө “Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн учраас” гэж тайлбарлалаа.
Бүр тодруулбал, “Засгийн газрын бүтэц, тэр дундаа нэг цэг таслал өөрчлөгдөхөд л төсөв тодотгох нөхцөл үүсдэг. Мөн хэмнэлтийн тодотгол хий гэж Ерөнхий сайд үүрэг өгсөн” гэлээ.
Уг нь бол Засгийн газрын бүтэц ба бүрэлдэхүүний тухай хуулийг огт өөрчлөлгүй, хэвээр нь өргөн барьж байгаа. Ганцхан гурван Үндэсний хорооны дарга буюу яамгүй гурван сайдын орон тоог танасан. Мэдээж төсөвт өөрчлөлт орох нь мэдээж.
Гэвч 2025 оны төсөв тодотгох үндсэн шаардлага энэ төдий биш нь ойлгомжтой.
НЭМЭЛТ: 18.10 цаг
Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нараа танилцууллаа

АН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа УИХ-ын чуулган эхэллээ. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн танхимд ажиллах сайд нараа танилцуулав.
Тэрбээр "Засгийн газрын бүтцийг хадгалах нь хөтөлбөрт туссан мега төсөл, суурь реформуудын хэрэгжилтэд чухал хөшүүрэг болно. Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж, улсын эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, зөвшилцлийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь чухал байна.
Геостратегийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ цаг үед Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын залгамж халааг хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Иймд өмнөх бүрэлдэхүүний 1/3-ийг хэвээр үлдээж байна.
Шинэ бүрэлдэхүүнд УИХ-д суудал бүхий намуудын төлөөллийг оруулах нь зөв гэж үзлээ.
Энэ хүрээнд яамгүй сайд буюу гурван Үндэсний хорооны даргын албан тушаалыг хасаж, үлдсэн бүтцэд дараах сайд нарыг томилохоор танилцуулж байна.
- Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал
- Шадар сайд С.Амарсайхан
- Шадар сайд Т.Доржханд
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
- Сангийн сайд Б.Жавхлан
- ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
- Боловсролын сайд П.Наранбаяр
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
- Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
- Инноваци, цахим хөгжлийн сайд Э.Батшугар
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн" гэж танилцууллаа.
Харин Гадаад харилцааны сайдыг дурдалгүй орхисон нь анхаарал татав.
НЭМЭЛТ: 17.00 цаг
ЗГ-ын бүрэлдэхүүнийг АН-ын бүлэгт танилцуулж байгаа тул чуулган 30 минут завсарлалаа

УИХ дахь МАН-ын бүлэг шинээр томилогдох сайд нарын асуудлыг хэлэлцэж дууслаа. Үргэлжлүүлэн УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж байна. Иймд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 30 минутаар завсарлуулав.
Чуулганаар өнөөдөр
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно.
- Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө.
НЭМЭЛТ: 14.38 цаг
-Хууччуул болон шинээр сайдаар томилогдогсод Ерөнхий сайдын өрөөн цуглацгааж байна-

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууссан боловч хуучин сайд нар болон шинээр сайдаар томилогдох хүмүүс Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд дахин цуглацгааж буй аж. Хуучуулуус С.Бямбацогт, Н.Учрал нар, шинээс Э.Батшугар, Г.Дамдинням, Ч.Ундрам нар орсон байна.
Мөн "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орно" хэмээн хамгаалалт авсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ хуулиараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлээд, Ерөнхийлөгчтэй өөрөө орж зөвшилцөх учиртай.
19 сайдын суудлын 15-ыг нь МАН-ынхан өөрсдөө авах бөгөөд ДОЛООГ НЬ улирааж, НАЙМЫГ нь шинээр томилохоор болоод байгааг ЭНД дарж уншина уу.
НЭМЭЛТ: 14.00 цаг
-МАН-ын УЗ намынхаа сайд нарын 40 хувийг өөрчлөхөөр шийджээ-

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж дууслаа. Хуралдаанаараа хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.
Нэн түрүүнд Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүний хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн аж. Ингэхдээ гурван Шадар сайдын орон тоог хэвээр үлдээж, яамгүй сайд нар буюу үндэсний хороодыг татан буулгахаар болжээ. Харин МАН өөрийн сайд нарынхаа 40 гаруй хувьд нь өөрчлөлт оруулах юм байна. Ингэхдээ "Асуудлаа мэддэг сайд нарыг улирааж ажиллуулна" гэцгээжээ. Харин дэд сайдуудын асуудлыг яриагүй аж.
Мөн ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, Засгийн газарт хамтрах саналыг 97 хувиар дэмжсэн байна. ИЗНН болон "Үндэсний эвсэл"-ийн шийдвэр одоогоор гараагүй байгаа юм.
ЭХЛЭЛ: 11.30 цаг
-МАН-ын УЗ ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг, ИЗНН болон ХҮН нам хамтрах эсэхийг хэлэлцэж байна-

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.16/ орой ИЗНН, ХҮН, "Үндэсний эвсэл" зэрэг намуудад хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьсан.
- МАН-ын Удирдах зөвлөл бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар хуралдаж эхэллээ.
- Харин ИЗНН болон ХҮН намын Төлөөлөх зөвлөл Засгийн газарт хамтарч ажиллах эсэх Г.Занданшатарын саналыг хэлэлцэж эхэллээ.
- Мөн өнөөдөр "Үндэсний эвсэл" ч энэхүү асуудлаар хуралдах чигтэй байна.
Арчдилсан нам энэ удаад хамтрах санал аваагүй. Учир нь МАН-ын Бага хурлаар өмнө нь АН-ын бүлгийн гишүүдийг удаа дараа гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг ийнхүү Засгийн газраас гаргаж, парламентад суудалтай бусад нам, эвсэлтэй хамтран ЗГ-аа байгуулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр АН-ын 42 гишүүн сөрөг хүчний үүргээр ажиллаж эхлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
архичин Занданшатарыг танхим ямар байхыг 4 хүн л шийдэж байгаа , нэмээд архичин батшугарыг оруулах гэж авлигач эцэгтэй нь тохирно гэхээр л ман сүйрсэн шүү
МИНИЙ АХ ЗАНДКА АРХИ АМСДАГГҮЙ ЗА ШУУД УУЧИХДАГ ЮМ ОДОО АН н ШУДАРГУУ ЭХ ОРОНЧ ЗӨВХӨН ЦАЛИНГААРАА АМЬДАРДАГ ГИШҮҮД ЗАСГИЙН БҮТЦЭД БОЙКАТ ХИЙЖ ГАЦААНА МЭДЭВ ҮҮ? ГОХИНЭЭ ГОХИНЬ
Zandanshatar bol mongold dandaa gai taridag hulgaich shuu dee. Avlagiin zagalmailsan etseg enkhbayriin huuhdiig saidaar avch bn geheer l haragdaj bgaa biz.
Олон яамаа жижиглэнэ гэсэн хударчлаадаа