Б.Жавхлан төсөв тодотгох шалтгааныг ЗГ-ын бүтэц өөрчлөгдсөн рүү “чихэв”

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогддог өдрөө л 2025 оны төсвийг тодотгоно гэж мэдэгдсэн.
Харин үүний өмнө, эдийн засаг хүндэрсээр байхад Сангийн сайд Б.Жавхлан удаа дараа “Төсөв тодотгох нөхцөл үүсээгүй, хуулийн шаардлага өөр” хэмээн мэдэгдсээр ирсэн юм.
Өнөөдөр Сангийн сайдаар Б.Жавхлан улиран ажиллахаар болж, УИХ-ын чуулганд танилцуулагдаж байна.
Энэ үеэр Б.Жавхлан төсөв тодотгох болсон үндэслэлийг ердөө “Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн учраас” гэж тайлбарлалаа.
Бүр тодруулбал, “Засгийн газрын бүтэц, тэр дундаа нэг цэг таслал өөрчлөгдөхөд л төсөв тодотгох нөхцөл үүсдэг. Мөн хэмнэлтийн тодотгол хий гэж Ерөнхий сайд үүрэг өгсөн” гэлээ.
Уг нь бол Засгийн газрын бүтэц ба бүрэлдэхүүний тухай хуулийг огт өөрчлөлгүй, хэвээр нь өргөн барьж байгаа. Ганцхан гурван Үндэсний хорооны дарга буюу яамгүй гурван сайдын орон тоог танасан. Мэдээж төсөвт өөрчлөлт орох нь мэдээж.
Гэвч 2025 оны төсөв тодотгох үндсэн шаардлага энэ төдий биш нь ойлгомжтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.