Б.Жавхлан: 14 хоног сайтар хэлэлцүүлж байж төсвийн тодотголыг өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу, 13.1.1 дэх заалт энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн төсөвт тавигдсан төсөл хөтөлбөр нь тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээгээ хийгээгүй, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаагүй бол шууд хэмнэлтэд оруулах заалт юм. 2025.05.31-нээр үзэхэд 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо.
Энэ бол шууд хуулийн дагуу хэмнэгдчихэж байгаа хэлбэр. Гэхдээ бас хайран төсөв. Төсвийн ерөнхийлөн захирагч нар өмнөх жилээс харьцангуй бага төсөл хөтөлбөр тавиулсан. Тэдгээрийн 130 нь ингээд хэмнэгдэнэ гэдэг харамсалтай. Бүх сайдын багцаас хэмнэгдсэн. Эрүүл мэнд, Хот байгуулалт, орон сууцжуулалт гээд бүх сайд нарын багцаас 535.9 тэрбум төгрөг хэмнэгдэж байна.
Энэ бол тодотгол биш юм. Өөрөөр хэлбэл төрийн хэмнэлтийн хуулийн дагуу хэмнэгдэж байгаа төсөв гэсэн үг. Эдгээрийг дурдаж, хавсралтаар ЗГ-ын тогтоол батлагдаж байгаа.
Аливаа төсвийн тодотгол хийхээс 14 хоногийн өмнө хэлэлцүүлэг эхлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Өнөөдрөөс олон нийтийн хэлэлцүүлэг албан ёсоор эхэлж байна гэсэн үг.
2025 оны төсвийн төлөвлөлтийг ноднингийн өдийд хийж эхэлсэн. Ковид-19-ийн дараах сэргэлт, хүлээлт өөдрөг байв. Манай улсын эдийн засгийг 6-7 хувиар өснө гэж төсөөлж байсан. Нөхцөл байдал сар сараар өөрчлөгдсөн, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох хэрээр дэлхий нийтийн төсөөлөл буурсан.
Ингээд төсөв баталсны дараа нөхцөл байдал бүр дордсон. БНХАУ-ын эдийн засаг ч амаргүй сорилтод орж эхэлсэн. Манай гол худалдан авагч учир нүүрсний үнэ нэгдүгээр сараас хойш хурдтай унасан. Тавдугаар сар хүртэл 100 юаниар, өнөөдрийг хүртэл дахиад 120 юаниар уначихлаа. Дөрөвдүгээр сар хүртэл сарын тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 50 тэрбум дотор явж ирсэн. Гэтэл тавдугаар сард 260 тэрбум болж огцом өссөн. Нөгөө л нүүрсний үнэтэй холбоотой. Ингээд зургадугаар сарын 1 хүртэл төсөв тодотгохгүй яасан юм гэдэг асуулт тавигддаг.
Нэгдүгээрт бид Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүлээж байлаа, дээр дурдсан тавдугаар сарын 31-ний босго.
Хоёрдугаарт, төсөв тодотгох хуульд заасан үндсэн шаардлага үүсээгүй байсан.
Ингээд шинэ ЗГ байгуулагдаж, ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийгдэх болсон дээр суурилж, энэхүү хэмнэлтийн тодотголыг хийж эхэллээ.
2.3 их наядын хэмнэлт хийнэ. Энэ бол бараг бүх яам дээр хийгдэнэ.
Боловсрол, эрүүл мэндийн салбартаа бол аль болох гар хүрэхгүй байхыг хичээнэ. Ингэхээр бусад яамд дээр маш хүнд тусаж байгаа. ЗГ-ын зарим нэг үйл ажиллагааг зогсооход ч хүргэнэ.
1.8 их наяд гэсэн дүнгээр төсвийн тодотгол хийгдэнэ гэдгийг тодруулж хэлье.
Өргөн барих дахин 14 хоногийн хугацаа байна. Гадаад нөхцөл байдал бол өдөр бүр өөрчлөгдөж байна.
Төсвийн хүрээний мэдэгдэл батлахдаа бид төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгоно гэдгийг оруулж, Л.Гантөмөр сайд тодорхой хэлж байсан" гэлээ.
-Алтны үнэ нэмэгдсээр байна шүү дээ, “Алт-3” хөтөлбөр үргэлжлэх юм уу?
-Алтны үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэ хөтөлбөрийг эхлүүлж байгаа шүү. Алтыг Монголбанканд авчраад л, төгрөгөө авдаг онцлогтой. Төвсийн орлого талд харьцангуй бага нэмэртэй. Хамгийн гол нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлдөг. Тодотгол хийхдээ ч энэ удаад төв банкны валютын нөөцийг хамгаалъя гэж байгаа. Засгийн газар дээр бол тогтоол гарчихсан. Үндсэндээ хоёр чиглэлээр ярина. Үндсэн орд дээр таван лиценз бий. Эд нарыг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулъя, байгаль орчиндоо маш сайн анхааръя гэж байгаа. Өмнө нь нөхөн сэргээлтийн 50 хувь дээр барьцаа оруулдаг байсан бол одоо 100 хувь. Өмнө нь АМНАТ-ийн хөнгөлөлт өгдөг байсан, одоо бол үгүй. Үнэ ингэж өссөн нөхцөлд хэр баргийн өртгөө даваад гарна. Г.Занданшатар Ерөнхий сайд хурал бүр дээр л “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eniig z##luulaachee nuurschin gar