Даргагүй "Төв цэнгэлдэх хүрээлэн" ₮795 саяар наадмын бэлтгэлээ хангана

Үндэсний баяр наадам 21 хоногийн дараа болох гэж буй. Үүнтэй холбоотойгоор Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 795 сая төгрөгийн өртөгтэй найман тендер зарласан байна. Тодруулбал,
- 135 сая төгрөгийн өртөгтэй вакум хаалга цонх солих ажил
- 35 сая төгрөгөөр цэнгэлдэх дотор дээвэртэй тайзны шал хийх
- 98 сая төгрөгөөр төв оффисын арын талбайг хиймэл зүлгээр хучих
- 134 сая төгрөгөөр явган зам болон сул шороотой хэсгийг бетоноор хучих
- 100 сая төгрөгөөр 00 засвар
- 47 сая төгрөгөөр 4-р агуулах засвар
- 98 сая төгрөгөөр UV зар сурталчилгааны самбар нэмэх
- 148 сая төгрөгөөр сагсны талбайн орчим ногоон байгууламж хийх тухай тендер зарласан байна.
Дэлгэрэнгүйг тус бүрийн линк дээр дарж харах боломжтой.
Дээрх тендерүүдийн төсөв, ТЭЗҮ-г Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга асан Ж.Энхжаргалан баталж байжээ.
-Төв цэнгэлдэх хүрээлэн шинэ дарга томилоогүй, Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарын хэрэг давж заалдах шүүхээр шийдэгдэнэ-
Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татсан. Улмаар хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргаланг 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулах шийдвэрийг шүүх гаргасан байдаг. Гэсэн ч саатуулах байранд очмогцоо давж заалдах хүсэлт гаргаж, шүүгчийн шийдвэр түтгэлзсэн юм. Харин дараагийн өдөр нь буюу /2025-06-06/-нд Д.Мөнх-Эрдэнэ мөн адил давж заалдах хүсэлт гаргаж суллагдсан.
Эл асуудалтай холбоотойгоор Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухайгаа /2025-06-05/-нд мэдэгдэж, маргааш нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.
Гэвч одоогоор шинэ дарга томилогдоогүй, Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарын зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх товлогдоогүй байгаа юм.
Нэмэлт: 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэсэн байдаг.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон тухай бид бичиж байсан. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг л хуваарилсан байдаг. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.
Дээрх асуудлуудад үндэслэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 100 хувь нийслэлийн эзэмшилд авсан. Ингээд захирлаар нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланг томилж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.