УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өвөл хот хөлдөх эрсдэлтэй тэд "нөхөж, засаж" нүүр тулна

Энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан.

Ослын улмаас тус станцын хамгийн сүүлд авсан цахилгаан, дулаан үйлдвэрлэгч зуух буюу 9 дүгээр турбин эвдэрсэн. Хохирлын тогтоохоор албаныхан ажиллаж буй.

Урьдчилсан байдлаар гарсан ослын улмаас 1200-1500 тонн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож энэ өвөл дараах байршлууд хөлдөх бодит эрсдэл байгааг хотын дарга сануулсан юм.

  • ХУД-ийн Мишээл,
  • Зайсан,
  • Оргил,
  • Удирдлагын Академи,
  • Хүннү,
  • Жапан таун,
  • 120 мянгат,
  • 19-р хороолол,
  • Их тэнгэр,
  • Маршал,
  • Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурах урьдчилсан тооцоолол гарсан.

Гэвч 14 хоног уг асуудал дээр хэн ч хөдлөөгүй. Хариуцлага хүлээх хэрүүл л сунжирч байв. Харин өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд ослын асуудалтай танилцаж, шинээр байгуулагдсан Засгийн газар болон Эрчим хүчний яам уг асуудалд анхаарал хандуулж шуурхай ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь тэд дараах ажлыг хийнэ гэж мэдэгдээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

  • “ТЭЦ-3” ТӨХК-д гарсан осолтой холбогдуулан тулгамдсан асуудлуудыг 100 хоногийн дотор шийдэх үүрэг өгсөн.
  • “ТЭЦ-3” ТӨХК-д осол гарсантай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг засгийн газрын хяналтад авч зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоов.
  • Засгийн газраас сайд асан Н.Тавинбэхийг ЭХЯ-ны ТНБД-аас чөлөөлж "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томиллоо.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

  • Зуухны хувьд гэмтэл бага байгаа учир 2025-2026 оны өвөл зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу схемийг солино. Энэ ажлыг хийхэд урьдчилсан тооцооллоор 8.5 тэрбум зарцуулна.
  • 7 орчим тэрбумаар ТЭЦ-3 ТӨХК-ийн байшинд засвар хийгдэнэ.
  • Ослын шалтгаан тодорхой болж турбогенераторын суурь нь гэмтээгүй байвал шинэ турбин авчирч суулгана.
  • 2025-2026 оны өвөл 40-45 МВт-ын дутагдал ТЭЦ-3 дээр үүснэ. Үүнийг ондоо эх үүсвэрээр орлуулах ажил хийгдэж байна.
  • Эрчим хүчний салбар дөрвөн толгойтой болж хариуцлага хүлээх газаргүй бие бие рүүгээ түлхэх бололцоо бүрдсэн. Иймд УИХ-ын гишүүн Т.Доржхандын ахалж буй Эрчим хүчний үндэсний хороог татан буулгаж байгаа.

Хот хөлдөх асуудалтай тэмцэх хүлээлтийг шинэ Засгийн газрын газар ийн үүсгэв. Иймд одоо Засгийн газар болон салбар яамыг дээр дурдсан ажлуудаа яаралтай хийхийг хүлээх, хянах, харах үлдэж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button