НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Тэгшжаргал: Японд суралцсан туршлагаараа говьд усан үзэм амжилттай тарьж, анхны ургацаа аваад байгаа

Өмнөговь аймагт усан үзэм тарьж, ургуулж буй талаарх мэдээлэл цахим орчинд түгэж, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Монгол Улсад усан үзэм тарьж ургуулдаг хүн цөөн. Тэдний нэг болох Б.Тэгшжаргал энэхүү арчилгаа ихтэй жимсийг тарьж, химийн бодис ашиглалгүй органик байдлаар зах зээлд гаргах зорилготой ажиллаж байна. Говийн уур амьсгал, хөрсний нөхцөлийг боломжтой гэж үзэн хэд хэдэн сортын усан үзэм туршиж, суулгац үржүүлэн арчилж байгаа юм. Одоогоор эхний ургацаа удахгүй авах төлөвтэй байгаа бөгөөд цаашид талбайгаа тэлж, бүтээгдэхүүнээ илүү олон хэрэглэгчдэд хүргэх зорилготой гэдгээ илэрхийлж байлаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Үзэгч болон уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

-Намайг Болдбаатар овогтой Тэгшжаргал гэдэг. Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж өссөн. 2021 онд Хөдөө аж ахуйн их сургуульд агрономич мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 2023 оноос 2024 онд Япон улс руу явж органик газар тариалангийн чиглэлээр дахин сурсан.

-Ямар чиглэлээр нь сурсан бэ?

-Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо чиглэлээр суралцаж төгссөн. Тэр дундаа усан үзмийн тариалангийн чиглэлээр илүү гүнзгийрүүлэн сурсан.

-Япон улс руу явж суралцах болсон шалтгаан, хэрхэн явсан бэ?

-"Oisca Mongolia" гээд нийтэд үйлчилдэг ТББ байдаг. Уг байгууллагаар дамжуулан адил мэргэжилтэй, дээд үеийн төгсөгч ах маань яваад, суралцаж байх хугацаандаа надад санал тавьсан. Надад санал нь таалагдсан учраас төсөл, хөтөлбөрт нь хамрагдаад 100 хувийн тэтгэлэгтэй Япон улс руу суралцахаар явсан.

-Тэтгэлэг авах шалгуур, тавигдах шаардлага нь юу байсан бэ?

-Ямар зорилгоор явах хүсэлтэй байгаа, цаашдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд юу хийх, үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар Япон багш нартай уулзаж ярилцлагад орсон. Ярилцлагын дараа миний төсөл, санаа тэдэнд таалагдаад дэмжиж ажиллахыг хүсэж тэтгэлэг олгосон.

-Монголд усан үзэм тарих талаар хэзээнээс бодож, энэхүү ажлаа эхлүүлэв?

-Э.Эрхболд гээд манай ангийн хүүхэд түрүүлээд Японд очсон байсан. Бид хоёр Японд хамт сурч эхлээд хоорондоо ярилцаад усан үзэм говьд тарихаар шийдсэн. Эхэндээ бол туршаад үзье гэж ярилцсан. Э.Эрхболд надаас түрүүлж очсон учраас түрүүлж төгсөөд модны үрсэлгээ, модоо аваад монгол явсан. 2023 оны хавар анхны үрсэлгээгээ суулгаад, 2024 он гаргаад ургаж эхэлсэн байгаа. Эхний гурван жил жимс тавихгүйгээр модоо ургуулах ёстой байдаг. Яагаад гэвэл модоо бэлэн болоогүй байхад жимс авах гэж яарвал модонд очих шим тэжээл жимсэнд очоод мод жижгэрэх аюултай байдаг.

-Тэгэхээр одоо модоо ургуулах үйл явцтай байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ жил мод ургуулж буй хоёрдох жил нь. Амталгааны зорилгоор гурван багц усан үзмийг модноосоо салгалгүй ургуулсан. Одоо тэр багцуудын болц нь гүйцэж байгаа.

-Цахим орчинд тарсан зураг сортын амталгааны зорилгоор ургуулсан усан үзэм байх нь ээ.

-Тийм ээ. Тариалалт амжилттай болсон гэж үзээд дахин Японоос өөр олон сортын усан үзмийн мод авчруулаад хүлэмждээ тарьсан. Тэдгээр моднууд хоёр жилийн дараагаас жимсээ өгч эхэлнэ.

-Яагаад говьд тариалах болсон бэ. Онцлогтой юу?

-Зарим хүмүүс говьд жимс ургах боломжгүй гэж боддог. Гэхдээ говь хангайн аймгуудаас түрүүлж дулаарч, хожуу хүйтэрдэг. Ерөнхийдөө цаг уурын нөхцөл байдал нь дулаахан. Говийн хөрс шаварлаг байдаг болохоор модны ургалт нь удаан ч гэсэн жимсний ургац, амт чанар илүү байдаг. Дандаа гүний усаар услагддаг болохоор тийм байдаг. Энэ нь тариалалт хийхэд маш ашигтай гэсэн үг. Японы Хокайдо муж монголтой төстэй цаг агаартай. Өвөл цас их ордог. Бусад газруудаас сэрүүхэн байдаг. Гэхдээ тэр газрын усан үзэм, усан үзмээр хийсэн дарс нь улсдаа хамгийн алдартай. Яагаад сэрүүхэн гээд байгаа газарт тарьсан усан үзэм амттай гарч байна вэ гэхлээр өдөр нь харьцангуй дулаан, орой нь хүйтэн гээд агаарын температур солигддог болохоор юм.

-Өмнөговь аймагтаа газраа хэрхэн сонгосон бол?

-Тус аймагт хүлэмжийн агропарк гээд 2017 онд баригдаж байсан хүлэмж бүхий газар байдаг. Оюутан байх үедээ ч гэсэн дадлага хийж очдог байсан. Тийм учраас анх холбогдож ярилцаад, тухайн газар усан үзэм тарих боломжтой гэсэн учраас очсон. Агропаркад 6-7 жил ажилласан, мөн бидэнтэй адил "Oisсa" ТББ-ар Япон улсад суралцаад ирсэн Загдрагчаа гээд агрономич ах байгаа. Тэр ах маань олон жил тогтвор, суурьшилтай ажилласан учраас бидэнд зөвөлгөө өгч маш их тусалдаг.

-Хэдүүлээ ажилладаг вэ?

-Бид нар дөрвүүлээ. Бүгд агрономич мэргэжилтэй хүмүүс. Сүүлд бидэнтэй нэгдэж, хамт ажиллаж эхэлсэн 19 настай Цэнгэлбаяр гээд ХААИС-д эмийн ургамлын чиглэлээр сурдаг залуу байгаа. Мөн адил Японд сураад ирэхдээ усан үзэм биш өөр жимс тарьж туршиж үзье гэдэг санааг бидэнтэй ярилцаад, мандарины үрсэлгээг авчирч тарьж ургуулж байгаа. Дараа жил туршилтын жимсээ гаргаж авна.

-Нэг модноос хэр их хэмжээний усан үзэм авах уу?

-Арчилгааг нь сайн хийгээд зөв ургуулж чадвал нэг модноос 150 килограмм орчим усан үзэм авах боломжтой.

-Одоогийн байдлаар хэдэн мод тарьж ургуулж байна?

-23 ширхэг мод суулгасан. Тэдгээр модноосоо дан ганц жимс авалгүй үржүүлэг хийнэ. Үндэс сайтай, жимс сайтай гэж хоёр янзын мод бий. Тэр хоёрыг хооронд залгах үйл ажиллагаа явуулж чанартай мод гаргаж авдаг. Тийм учраас зөвхөн хэмжээнд нь анхаарах биш чанарт бас давхар анхаарах нь зүйтэй.

-Усан үзмийн хэдэн сорт байгаа вэ?

-Ногоон усан үзэм, ягаан усан үзэм, вино хийдэг сортын усан үзмийн мод бас байгаа. Вино хийдэг сортын модыг туршилтын зорилгоор гурвыг тарьсан.

-Усан үзэм үртэй, үргүй гэж байдаг шүү дээ. Энэ нь сорттой холбоотой болов уу?

-Үртэй, үргүй ургуулах нь ургуулах ургуулах явцтай хамааралтай. Тодорхой хэлбэл тоос хүртээлтээс хамаардаг.

-Гүзээлзгэнэ тарьсан зургийг нь харсан. Энэ талаараа яривал.

-Япон сортын гүзээлзгэнэ тарьж байгаа. Анх манай ангийн найз ирэхдээ 25 ширхэг гүзээлзгэнийн бут авчраад түүнээс нь бид үржүүлэг хийсэн. Одоогоор 7-8 мянган үржүүлэг бэлдэж тавьсан. Намраас эхлээд өвлийн хүлэмждээ оруулаад тариалалтаа хийнэ. Ингэснээр өвөл гүзээлзгэнээ гаргаж авах боломжтой юм.

-Гүзээлзгэнэ өвлөөс хурааж авахад бэлэн болох юм байна. Үүнийг борлуулах уу. Борлуулбал хэрхэн борлуулах төлөвлөгөөтэй байна?

-Ер нь бол борлуулна. Хурааж аваад Өмнөговь аймгийн сүлжээ дэлгүүрүүдэд зарна гэж бодож байгаа. Бидэнтэй холбогдоод авах сонирхолтой хүмүүс байвал мөн борлуулна.

-Гүзээлзгэнэ, усан үзэм хоёрыг тарьж ургуулахад алинд нь илүү нарийн ажиллагаа шаардагддаг бол?

-Гүзээлзгэнэ болбол гурван жил модоо томруулна гэх шаардлагагүй. Жил бүр жимсээ өгөөд, зундаа амраад, жимсээ өгөхгүй байх хугацаанд нь үржүүлгээ хийх зэргээр тарьж ургуулах ажил явагддаг. Намар тариад л өвөл нь жимсээ авдаг.

-Монголд эдгээр жимс, ногоог тариалахад шаардлагатай авдаг зүйл нь юу бол. Нэмэлт зүйл ашигладаг уу?

-Бууцаа л авдаг даа. Өөр илүү зүйл хэрэг болдоггүй. Хөрсөнд нь бууцаа хольж суулгаад л болдог доо.

-Монголд зарагддаг усан үзэм, гүзээлзгэнэ жижиг байдаг шүү дээ. Харин танай тарьж байгаа жимснүүдийн хэмжээ?

-Хэмжээнд жимсний таталт чухал бас хэрэгтэй зүйл байдаг. Усан үзэм гэхэд олноороо шамбааралдсан маягтай ургадаг. Хэрвээ тэр чигээр нь ургуулбал аль нь том болохгүй жижиг хэмжээтэй ургаад гүйцнэ. Харин жимсний таналт хийснээрээ ургах орон зайг нь өгч, жимс томордог. Бидний тарьж ургуулж байгаа усан үзэм, гүзээлзгэнэ импортоор орж ирдэг гадаадын жимснүүд шиг ерөнхийдөө том. Амт нь маш чихэрлэг гоё амттай. Гүзээлзгэнэ бол дэлгүүрт ховор байдаг том, шүүслэг гүзээлзгэнэ шиг л хэмжээтэй.

-Хүмүүс сонирхож холбогдож байна уу?

-Хүмүүс их холбогдож олон санал тавьж, дэмжиж, урмын үг илгээж байгаа. Манайхныг зориод ирдэг хүмүүс ч байдаг. Бид боломж бололцоогоороо талбайгаа танилцуулж, хүмүүс ургацаасаа амсуулдаг. Нутгийн хүмүүс ч гэсэн сайхан хүлээж авсан. Мөн зөвөлгөө, заавар авах хүсэлтэй хүмүүс бий. Тэдэнд зөвөлгөө өгөхөд, говьд жимсний мод ургах хамгийн боломжтой газар. Цаг уурын хувьд нэг сарын өмнө дулаарч эхэлнэ. Нэг сарын дараа хүйтэрнэ. Нэг асуудал бий тэрийг давж чадвал мод тарьж, жимс арвин авах боломжтой. Хавар шороо их байдаг учраас цэцэглэх үед нь цэцгийг нь сайхан хамгаалах хэрэгтэй. Хамгаалж чадвал говьд жимсний модноосоо тодорхой хэмжээний жимс авах боломжтой. Мөн нэг болон хоёр настайгаас нь эхлээд тандалт сайн хийж байхгүй бол манай монголчууд нэг модноос эрчимтэйгээр их хэмжээний жимс авахын тулд тандалт арчилгаагаа хийхгүй ургуулаад нөгөө мод нь эхний нэг жилдээ ургац хураасан ч гэсэн дараагийн жилдээ ургац хураахгүй ч юм уу, амт чанар нь муу гарах тохиолдол бий. Тандалт, тариалалтаа журмынх нь дагуу зөв хийх юм бол амт, чанар сайтай жимс ургуулах боломжтой шүү.

-Өөр төрөл зүйлийн жимс, ногоог тариалж байгаа юу?

-Зуны 15 хүлэмждээ нарийн ногоо тариалдаг. Тарвас, амтат гуа, черри, огурцы, помидор, чинжүү, айс бэйрик гэх мэт. Ил талбайдаа төмс, лууван, байцай зэрэг хүнсний ногоогоо тарьж байгаа. Жимсний мод гэвэл том алимын хоёр сортын мод бий.

-Усан үзэм тарьж эхлээд эдгээр жимс, ногоог хамт тарьсан уу?

-Эдгээр хүлэмжийн жимс, ногоо бидний ажиллаж буй талбайг анх байгуулахад тарьж байсан. Усан үзэм, гүзээлзгэнэ, мандаринаа арчилж ургуулах явцдаа хамтад нь арчлаад явдаг.

-Ногоо болон жимс тариалдаг нийт талбайн хэмжээ?

-Нийт 50 га газар байгаа. Түүнд зуны 15 хүлэмж, өвлийн хүлэмж 2 бий. 10 метрийн өргөнтэй 60 метрийн урттай.

-Цаашдын зорилго, төлөвлөсөн зүйл нь юу вэ?

-Цаашдаа Монгол улсын дотоодын хэрэглээг бүрэн хангахгүй ч гэсэн аль чадах чинээгээрээ ойр орчимдоо ямар нэг химийн бодис хэрэглэхгүй 100 хувь органик жимс зах зээлд гаргана гэсэн бодол зорилготой байгаа. Бүр цаашлаад хичээнгүйлэн ажилаад, 3-4 жилийн дараа усан үзмээ бүх газарт хүртээмжтэй борлуулна гэж зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2025 10:15

Яасан гоё мэдээ вэ идэж үзье хаагуур зарагдах вэ

Зочин
Зочин
6 сар 28, 2025 10:32

Гоё мэдээ байна

эгэл
эгэл
6 сар 28, 2025 13:26

амжилт , ёстой мундаг. Улам хичээгээрэй. Боломж гарв�##� танай хүлэмжинд очиж туршлага судлая.

Зочин
Зочин
6 сар 28, 2025 15:14

Ямар сайхан мэдээ вэ. З�##�уус та нартаа амжилт хүсье. Удахгүй эх орныхоо гоё гоё амтлаг жимснүүдийг идэх болохнээ. Баярл�##�аа та нартаа

Уншигч
Уншигч
6 сар 28, 2025 15:52

Мундаг. Баяр хүргэе. Ахиухан тариад нэрийн брэндээ гаргаарай. Худ�##�даж авна аа.

Зочин
Зочин
6 сар 28, 2025 16:00

Ямар мундаг з�##�уус вэ? Амжилт

зочин
зочин
6 сар 28, 2025 16:07

Ургац нь арвин байх болтугай

Зочин
Зочин
6 сар 28, 2025 17:40

Ямар гайх�##�тай мэдээлэл вэ, ёстой сүрхий з�##�уу байна

Холбоотой мэдээ

Back to top button