Тойм: Төсвөө тодотгож, Боловсролын сайдаа "сугалах" гэж оролдсон долоо хоног

Хоёр долоо хоногийн турш хэлэлцүүлж байж өргөн барина хэмээсэн 2025 оны төсвийн "Хэмнэлтийн" тодотголыг өчигдрийн баасан гарагт хэлэлцэж эхэллээ. Улмаар дараа долоо хоног гэхэд төсвөө тодотгочихоор нөхцөл үүсээд байна.
Төсвийн тодотгол бол Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн түрүүнд амжуулж байгаа, яах аргагүй тулгамдсан асуудал юм.
Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр зэрэг танах, хасах чиглэлээ цөөнгүй тодорхойлжээ. Тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээ байгуулж, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж чадаагүй хөрөнгө оруулалтуудыг мөн хэмнэсэн. Ингээд нийт 2.4 их наядаар зардлыг бууруулах тодотгол оруулж ирснийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжлээ.
Уг тодотголын гол зорилгыг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Бүхий л талаар үүссэн нөхцөл байдалд зайлшгүй бөгөөд гарцаагүй шаардлага" гэж онцолсон. Мөн "Төр өөрөө бүсээ чангалах хувилбарыг сонголоо" гэсэн нь анхаарал татсан юм.
Харин долоо хоногийн эхээр Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьж, хэлэлцүүлсэн.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Бүтэц, бүрэлдэхүүний хуулийг өөрчлөхгүй" хэмээж байсан. Гэхдээ үндэсний хороодын дарга нарыг болиулна гэдэг бүрэлдэхүүний хууль өөрчилнө л гэсэн үг байв.
Улмаар Засгийн газрын бүрэлдэхүүн, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд тодорхой өөрчлөлт гарсанд үндэслэн 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор оруулж ирж байгаа аж.
Г.Занданшатарын Засгийн газар ажлаа явуулж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө төсвөө ядаж тодотгох шаардлага бий. Танхимын сайд нар нь шүүмжлэлийг бол тойроогүй. Нэгэнт УИХ итгэл үзүүлээгүй Засгийн газрын гишүүдийг дахин улираачихсан. "Г.Занданшатар өөрийн хүслээр танхимаа бүрдүүлж чадсангүй" гэдгийг ч нухацтай улстөрчид хэлж байгаа.
Гэтэл Боловсролын сайд П.Наранбаярт холбогдох асуудал өндрөө авсан нь энэ долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал байв. Хамаарал бүхий ТББ-даа 10, 10 сая төгрөг татаж авсан гэх энэ асуудал хавар сөхөгдөж л байсан. Ардчилсан намын Ц.Мөнхтуяа гэж гишүүн чуулганы хуралдаанд ярьж байсан. Гэвч хүн тоогоогүй.
Харин элсэлтийн шалгалтыг ямар нэгэн байдлаар буруу зохион байгуулагдсан хэмээн муйхарлан шүүмжилж, харлуулж байснаа шууд л дээрх асуудалд нь гэнэт хөл тавьцгааж, хэл орсон хүмүүс бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Д.Бум-Очир, Н.Батсүмбэрэл нар юм. Б.Бат-Эрдэнэ ярилцлага өгөхдөө "Гэнэт биш, П.Наранбаярын талаар эртнээс ярьдаг байсан" хэмээн тайлбарлана лээ.
Ямартай ч П.Наранбаярыг буулгах сонирхол нэгэнт үүсчихсэн нь тодорхой. Харин Боловсролын сайдад хэд амбицалж байна. Нөгөө талаас П.Наранбаярын хийсэн үйлдэл өөрөө бас АТГ-аас шалгагдахаас өөр аргагүй сэдэв бас мөн юм. 120 сургуулиас нийт 1.2 тэрбум төгрөгийн хамаарал бүхий ТББ руугаа татна том асуудал мөн.
Харин энэ дөрөөлж буулгах сонирхол Ерөнхий сайдын эргэн тойрны аль хавьд бий нь сонин. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бол шууд Ерөнхий сайдад хаяглан, шаардлага тавиад байгаа. Хэрэв сайдаас буулгахгүй гэвэл УИХ-ын гишүүнээс нь эгүүлэх асуудлыг хөндөнө гээд мэдэгдчихсэн билээ.
Энэ бол МАН доторх фракцаас чиглэсэн нь гарцаагүй. ЗГХЭГ-т бол сайдаа авч үлдэх сонирхол бий гэгдсэн. Мэдээж байгуулагдаад удаагүй байгаа Засгийн газрын сайд авлига, албан тушаалын хэрэгт холбогдоно, шууд чөлөөлнө гэдэг амаргүй даваа л. Иймд хамгаалах шаардлага Засгийн газрын "байгуулалцсан" 70-аад оны "ах нар"-т нь бий.
Нөгөө талаас УИХ-ын чуулган идэвхийлэн хуралдлаа, хэд хэдэн хуулийн төсөл ч баталлаа. УИХ-ын гишүүн О.Номинчимэг гэхэд анх удаа ажлын хэсэг ахалж, ажилласан Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөө батлуулж чадлаа. Ардчилсан намынхан талаар нэг тарж алга болдог нь хэвээрийг эс тооцвол УИХ-ын чуулганы үйл ажиллагаа идэвхжээд байгаа. Хаврын чуулган хаахад ч хоёр долоо хоногийн хугацаа үлдчихлээ.
Ийнхүү төсвийн тодотгол, Г.Занданшатарын Засгийн газрын нэг сайд асуудалд орсон үйл явдал бүхий нэгэн долоо хоног өнгөрч байна. Тодотголоос төрийн албан хаагч нарыг цомхотгох агуулга л төдийлөн хөндөгдсөнгүй. Тэгээд ч галтай сэдэв тул санаа зовоож байсан. Иймд сайд нартаа аль болох давхардсан албан тушаалыг тана, эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний зардлыг хэмнэ гэсэн хатуу үүрэг өгсөн талаар хэлэлцсэн.
Наадмын өмнө Засгийн газар эмхлэгдэн цэгцэрч амжтал шийдэгдэх ёстой хоёр сэдэв ч дээрх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зандан 9сайд ганц сайд суга татаж чадахгүй бгаа юмуу ийм хүчгүй байж болохгүйшдээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!